05.15

П.Анужин: Хүн сэрнэ гэдэг сэтгэл, бие эрхтэн, эрүүл мэндээ өөрийн уураг тархиндаа багтаахыг, багтаасандаа эзэн суухыг хэлдэг

Хөтлөгч П.Анужин "Эрүүлд хүрэх зам их энгийн" номынхоо нээлтийг хийсэн билээ. Тэрбээр энэ үеэрээ лекц уншсан бөгөд талархлаа илэрхийлжээ. П.Анужин "Монгол өв соёлыг өртөөлөгч "Алтай" хамтлагийн хөөмий хархираа, ёохор хатираа, бий биелгээгээр ном тойрсон яриа маань хөгтэй, сүрлэг сайхан эхэлсэн. Тус хамтлагийг үүсгэн байгуулагч бүтээлч хүмүүн Д. Ганпүрэв болон түүний гэргий энэ цагийг эзэлсэн эрхэм ятгачин Ч. Мөнх-Эрдэнэдээ чин сэтгэлээсээ талархаж байна. 
Ном тойрсон яриа болоод зорьж ирсэн түмнийхээ сэтгэлийн ая данг тэнцүүлэн хөглөж, уяраан дэвтээж, тэртээ холоос энэ л өдрийг зорин ирсэн эрхэмсэг бүсгүй, МУГЖ Т.Баясгаландаа чин сэтгэлээсээ талархаж байна. Алтан тайз хийгээд ард түмэндээ хэчнээн хүндэтгэлтэй хандах түүний сэтгэлийг ойроос мэдрэн ихэд бахархлаа. 
Энэхүү өдрийг цэвэр цэмцгэр, таатай орчинд зохион байгуулж, цаг нар, хариуцлагатай хандсан СТӨ-ий хамт олонд туйлаас талархаж байна. 
Та бүгдээ бухимдалгүй таатай байлгах гэж миний ард дөчин хүнтэй баг бас ажилласан билээ! Зүрх сэтгэлээсээ зорин ирж, нэмэр тусаа өргөсөн сайхан сэтгэлтэй анд найз, ах дүү нартаа их баярлалаа. Ном бүтээнэ гэдэг амар ажил биш ээ. Намайг номоо хэвлүүлэх гарцаагүй байдалд хүргэж чадсан, миний оюуны ташуур, сэтгэлийн тулх болсон эрхэм найз М.Туяадаа би туйлаас талархаж байна! 
Номын тухайд, эдгээр энгийн зүйлийг мэдсэн байхад эрүүлд хүрэх зам их амархан хэмээн бодон байж, хураангуйлан хурааж, үл нуршин та бүхэндээ ахин хүргэсэн билээ. Өвчин үүсгээд байдаг шалтгааныг мэдээд, түүнээс хол байчихад л эрүүл орших хэцүү биш ээ. Энэ л шалтгаануудыг сүүлийн үеийн хийгээд уламжлалт анагаах ухаан хэрхэн үзэж байгааг номонд дурьдсан буй. 
Монгол хүн нуршуулалгүй ойлгож, хүчлүүлэлгүй сэрэх чадвартай учраас л энэ хүй орчлонгийн сэрсэн гэгээрсэн хүмүүн бүгд эх нутагт минь хүн болж төрнө хэмээн хэлдэг ч юм болов уу?!! Миний бие ч та бүгдийнхээ сэрсэн оюуныг хүндэтгэж, уншсан бүгдээ ухан задлах гэгээн уураг тархинд тань найдаж, сэрэхүйн түлхүүр болгон номоо илгээсэн билээ! Ном тойрон хоёронтоо дүүрэн цугласанд л бид баяртай байна! Бид олуулаа сэрсээр буй! Хүн сэрнэ гэдэг сэтгэл, бие эрхтэн, эрүүл мэндээ өөрийн уураг тархиндаа хэнээс ч үл хамааран багтаахыг, багтаасан бүгддээ эзэн суухыг хэлдэг. Баярлалаа та бүхэндээ! 
Жич: Удахгүй номоо тайлбарлан, тойрон, задлан лайв-ууд хийсээр байх болно оо" хэмээжээ.