Дуучин Нара буюу М.Нарантуяа Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд хандан уриалга гаргалаа. Тэрбээр "“Өндөр төрийн босго” уриалга
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян,
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан,
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан Танаа
Хэдхэн хоногийн дараа бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгуулиар 5 дахь удаагийн төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Улс төрийн намууд 3 нэр дэвшигчээ тодруулан сонгогчдод илгээлээ.
Хэнд нь монгол төрийн жолоог атгуулахаа 6 дугаар сарын 26-нд монголчууд бид шийднэ. Бидний өмнөөс өөр хэн ч төрийн тэргүүнийг маань сонгож өгөхгүй. Бид хэлэлцэж сонгоно. Бид шүүж тодруулна.
Бид гэж эгэл жирийн ээж, эгч, аав, ах, хүү, охин, эрчүүд, эмэгтэйчүүд. Бид намын гишүүд биш, эх орныхоо иргэд, эгэл жирийн сонгогчид.
Харамсалтай нь, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн гарааг харахад өмнөх сонгуулийн муу жишгээс ялгарахгүй нь тодорхой боллоо. Сонгогчид төлбөртэй магтаалд төөрч, хараал, гүтгэлэгт живж байна.
Монголын хамгийн өөгүй шилдэг, эсвэл өөдгүй муухай гурван хүн энэ сонгуульд нэр дэвшсэн гэж үү?
Буруу мэдээллийн үр дүнд хийсэн сонголт дараа нь амаа барьсан харамсал болдог. Сонгуулиас сонгуульд сонгогчдын ирц тогтмол буурч байгаа шалтгаан ч энэ юм. Иймд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлж байгаа улс төрийн гурван намд хандан, сонгогчдын үнэн бодит мэдээлэл авах эрхийг хүндэттгэн дараах мэдээллийг ил тод болгож ирүүлэхийг хүсч байна.
1. Нэр дэвшигчийн боловсрол, туршлагын талаарх мэдээлэл:
• Боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар
• УИХ-ын гишүүн байхдаа санаачилсан, ажлын хэсэгт орж ажилласан хууль, тогтоолын жагсаалт
2. Гэр бүл, удам судрын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл:
• Гурван үеийн намтар, ургийн бичиг
• Гэрлэлтийн баталгаа
• Гэр бүлийн гишүүн тус бүрийн тодорхойлолт мэдээлэл
3. Хөрөнгө, орлого, санхүүгийн талаарх мэдээлэл:
• Амьжиргааны эх үүсвэр, хөрөнгө орлогын мэдүүлэг
• Хамаарал бүхий компаниудын татварын төлөлтийн тодорхойлолт ( 2017 оны 5 дугаар сарын байдлаар)
• Хилийн чанадад ( оффшор бүсэд) бүртгэлтэй компани, данс байгаа эсэх
4. Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл
• Хэвлэлээр нэр холбогдсон хэргүүдэд хамаарал буй эсэхийг тодруулсан холбогдох газруудын албан ёсны лавлагаа, тодорхойлолт
Танай намаас Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах 5 дугаар сарын 27-ноос өмнө дээр дурдсан мэдээллийг сонгогчдын төлөөлөл болсон манай хөдөлгөөнд албан ёсоор ирүүлнэ үү.
Монгол төрийн тэргүүн хэн болох гэж байгааг Монголын сонгогчид мэдэх эрхтэй ч, үүрэгтэй ч юм.
Танья. Мэдье. Тэгээд сонголтоо хийе.
“Төрийн төлөө иргэд” хөдөлгөөнийг санаачлагч Монгол Улсын иргэн
М.НАРАНТУЯА
2017 оны 5 дугаар сарын 25." хэмээн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт уриалгаа хүргүүлжээ.