06.03

Б.Мөнх-Оргил: Чи минь хайр татам, эгэл дөлгөөхөн


Чиний минь нүд бусдаас үзэсгэлэнтэй
Миний л үзэхүйд

Чиний минь хоолой бусдаас эгшиглэнтэй
Миний л чагнахуйд

Чи минь хайр татам, эгэл дөлгөөхөн
Эс бүхнээрээ надруу тэмүүлэх эрх ертөнц

Чиний минь арьс бусдаас булбайрай
Миний л хүрэлцэхүйд

Чиний минь үнэр бусдаас анхилам
Миний л үнэртэхүйд

Чи минь хүсэл өдөөм, эмнэг халуухан
Дусал бүрээрээ надад уусах дулаахан ертөнц

Чиний минь уруул бусдаас чихэрлэг
Миний л амтлахуйд

Чиний минь ирээдүй надаас холдохгүй
Миний л зөгнөхүйд

Чи минь бодол цуцам, эмзэг мэдрэмтгий
Гуниг бүхнээрээ надаас уяатай чимээгүй ертөнц

Чиний минь инээмсгэлэл бусдаас ялдам
Ялдамаас ч ялдам, миний л дэргэд

Чиний минь яриа бусдаас ухаалаг
Ухаалагаас ч ухаалаг, миний л тэвэрт

Чиний минь оршихуй бусдаас ялгуун
Ялгуунаас ч ялгуун, миний л мэдэрхүйд

Чи минь гэрэл цацрам, урам өгөмтгий
Мишээл бүрээрээ сэтгэл ургуулах миний л ертөнц

Б.МӨНХ-ОРГИЛ
2017.05.14-нд