Ятга хөгжмийн хосгүй төлөөлөгч, нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн гэр бүл, найз нөхөд нь “Хатан ятгын эгшиглэн тасрашгүй” сайн үйлсийн аяныг орон даяар эхлүүлээд байна.
Тэрбээр Монголын үндэсний ятга хөгжмийн тоглоочийн ур чадварт бодитой шинэчлэл хийж, ноотлох тэмдэг тэмдэглэгээг зохиож, эртний нүүдэлчдийн Алтай ятга, Аху их ятгыг сэргээн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, монгол хөгжмийн гайхамшиг, уран бүтээлчийн чансааг дэлхийд гайхуулж яваа ховорхон уран бүтээлч юм.Тэрээр ходоодны хорт хавдар туссан бөгөөд БНСУ-д маш богино хугацаанд яаралтай мэс засал хийлгэх эмчилгээний зардалд 240 сая төгрөг нэн шаардлагатай байгаа аж.
Энэхүү аяны хүрээнд рок попын уран бүтээлчид энэ сарын 30-нд “UB palace”-д нэгдсэн тоглолт хийхээр болжээ. Мөн мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн "Бид Монголчууд" нэгдсэн тоглолт Монгол бөхийн өргөөнд ирэх сарын 1-нд болох юм байна.