05.06

А.Батмөнх: 16 дугаар байрны хөрсийг долоо хоногийн дотор бэхжүүлнэ

Баянгол дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны 48 өрхийн 250 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлээд хагас сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд МХЕГ-ын дүгнэлт гарч, тус байрыг “Нураах шаардлагагүй” гэж үзсэн бөгөөд ухсан газрыг битүүлж, хөрсийг бэхжүүлэх хэрэгтэйг хэлсэн. Тэгвэл тус байрны хөрсийг хэзээ бэхжүүлж дуусч, оршин суугчдыг буцаан оруулах талаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Батмөнхөөс тодрууллаа.

-МХЕГ-аас “16 дугаар байрыг нураах шаардлагагүй” гэх дүгнэлт гаргаад долоо хоног өнгөрлөө. Оршин суугчдыг хэдий болтол зочид буудалд байрлуулах вэ?

-Дүгнэлт гараад удаж байна. МХЕГ-аас “Баянгол дүүргийн XIV хорооны 15, 16, 17 дугаар байрны орчимд геодизийн хэмжилт хийхэд хөрс ухсанаас үүдэлтэй ноцтой өөрчлөлт илрээгүй. Харин 16 дугаар байрнаас гурван метрийн зайд бохирын хоёр худаг байдаг. Энэхүү худгийн орчимд хөрсний шилжилт хөдөлгөөн үүсэх эрсдэлтэй бөгөөд байрны суурьт нөлөөлөх аюултай. Тиймээс ухсан нүхийг даруйхан битүүлж, хөрсийг хүчитгэн бэхжүүлэх шаардлагатай. Үүний дараа оршин суугчдыг буцаан оруулж болно” гэсэн дүгнэлт гарсан. Тэгээд ч тухайн нүхийг зүгээр булж болохгүй, тусгай зориулалтын аргаар хөрсийг бэхжүүлэх шаардлагатай. Одоогоор хэрхэн бэхжүүлэх талаар бүх зураг төсөл, төлөвлөгөө нь гарчихсан.

-Хөрсийг бэхжүүлэх ажлыг хэзээнээс хийх вэ?

-Энэхүү асуудлыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хариуцан ажиллаж байгаа. Миний ойлгож байгаагаар ямар компаниар байрны хөрсийг бэхжүүлэх ажлыг хийлгэхээ маргааш /өнөөдөр/ шийдэх байх.

-Гэхдээ хөрсийг бэхжүүлсэн ч оршин суугчид байрандаа буцаж орохоос эмээж, айдастай байна шүү дээ?

-Үгүй ээ, тийм зүйл байхгүй. Хөрсийг хэрхэн бэхжүүлэх талаар зураг төсөл, төлөвлөгөөгөө оршин суугчдад тайлбарласан. Тэдний зүгээс хөрсийг бэхжүүлсний дараа байрандаа орохоо хэлсэн.

-Тэгвэл ойролцоогоор оршин суугчид хэд хоногийн дараа байрандаа буцаж орох боломжтой вэ?

-Хөрсийг бэхжүүлэх цутгалтын ажлыг эхлүүлчихвэл долоо хоногийн дотор л дуусна. Хамгийн гол нь нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрынхан гүйцэтгэгчийг шийдчихвэл удах шаардлагагүй.

Б.Төрбат