05.06

Газар хөдлөлтийн дараа халдварт өвчин дэгдэж болзошгүй

Непалийн газар хөдлөлтийн дараа халдварт өвчин дэгдэх аюул нүүрлээд байгаа талаар тусламжийн байгууллагынхан анхаарууллаа. Хоргодох байрны хомсдол, бохирдсон ус болон эрүүл ахуйн нөхцөл муу байгаагаас шалтгаалан холер, цусан суулга болон усаар дамждаг бусад төрлийн халдварт өвчин дэгдэх үндэс болж байгааг дээрх байгууллагынхан мэдэгдэж байна. Их Британийн Гамшгийн онцгой байдлын хорооны мэдэгдсэнээр, иргэдийн амьдарч буй зарим хэсэгт ил задгай бие засах зэргээс мөн өвчин гарч байгаа аж. Нийт 12 хандивын бүлгийг нэгтгэсэн шүхэр байгууллага нь тулгараад байгаа дээрх асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг анхааруулж байгаа юм.

 

Одоогийн байдлаар Непалийн газар хөдлөлтийн уршгаар 7,500 хүн амь насаа алдаж, 14,500 хүн гэмтэж бэртээд байна. Дэлхийн бусад улс орнуудаас 4,000 гаруй тусламжийн ажилтан Непальд ирж, аврах ажиллагаанд тусалж байгаа аж.