05.06

Б.Жаргалсайхан: Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол “дээрмийн гэрээ” байна лээ

Эдийн засгийн хямралаас гарахын тулд мега төслүүдээ хөдөлгөнө гэснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн хэдий ч энэ хугацаанд Тавантолгой тойрч, улс төржиж хэрэлдсэнээс өөрөөр ажил урагш ахисангүй. Сүүлийн үед хүн бүр шахам Тавантолгой ярьж байгаа. Тэгвэл энэ үед БНН-ын намын дарга Б.Жаргалсайхан телевизийн нэвтрүүлэгт оролцож Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Б.Жаргалсайханы хувьд Тавантолгойн гэрээнд “Энержи ресурс” багтах болсонд дургүйцэж байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр “Тавантолгойг Ж.Оджаргал, Оюунгэрэл хоёрт л өгөхгүй бол маргааш Монголд Улс сөнөх гэж байгаа юм шиг юм яриад байна. Энэ хоёр хүнд л Тавантолгойг өгөөтөх. Тэгвэл л Монгол Улс баяжина гэсэн юм ярьж байна. Үнэн хэрэгтээ “Энержи ресурс” компани Монголд бүртгэлгүй, Виржиниа арал дээр бүртгэлтэй компани. Эзэд нь Монголд биш. Хонгконгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргасан компани, тэндээс манай ард түмэн ямар нэг ашиг аваагүй. Тэр хувьцаагаа барьцаалж зээл аваад энэ нөхөд өөрсдөө авсан. Тавантолгойг энэ компанид өгөх юм бол хөрөнгийн биржид хувьцааны хэмжээ нь өсөөд, энэ хүмүүс тэндээс хэдэн төгрөг аваад Монголыг хаяад зугтана” гэсэн юм.

Түүний хувьд Тавантолгойн гэрээний төслөөр үзэл бодлоо илэрхийлэхдээ “Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол “дээрмийн гэрээ” байна. Тэр гэрээг харвал хүн зүгээр л уурлах юм билээ. Зэвүү нь хүрэх юм билээ. Монгол Улс ерөөсөө хамаа байхгүй л гэнэ. Аюулгүйн зөвлөл хамаагүй л гэнэ, ард түмэн үгээ хэлж болохгүй л гэнэ. Ер нь бол өгсөн тэгээд та нарт хамаагүй гэсэн л гэрээ бэлдчихсэн байна лээ” хэмээсэн юм. Харин түүний хувьд Тавантолгойг ард түмэнтэйгээ нийлж авах саналтай байгаа аж. Энэ талаар баталгаа хүссэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Яагаад ард түмэнд баталгаа байхгүй гэж. Тэгвэл Ж.Оджаргал, Сү.Батболд нарт Тавантолгойг ашигтай ажиллуулна гэсэн ямар баталгаа байна. Баахан өр л байгаа шүү дээ” гэжээ.

Б.Жаргалсайхан “Женко”-гийн “тал уу”
Б.Жаргалсайхан “Женко”-гийн тал уу гэж хардахын учир нь тэрбээр Тавантолгойн гэрээний талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ Х.Баттулгын телевизээр ярьсан фактад түшиглэж байна гэдгээ дурдсан. Тодруулбал, тэрбээр “Аравхан өрх, айл л Тавантолгойн бүх юмыг аваад хэрэглэх гэж байна. Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан ч тэр хувьцааны мөнгө Монголд ирэхгүй. Дээр нь эхлээд тэр их өрөө төлчих л дөө. Х.Баттулга гээд УИХ-ын гишүүн ярьж байна лээ. Тэртэй тэргүй факт тайлбартай ярьж байна лээ” гэсэн юм.

Түүгээр ч зогсохгүй “Эдэнд ганцхан хүсэл байгаа. Идэж ууж яваад гадаадад очиж амьдрах. Би бодит юм ярьж байна. Фактыг УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх зөндөө ярина лээ.  Телевизээр харж байхад Х.Баттулга ч  маш олон факт ярьж байна лээ.  Би үүнд тулгуурлаж ярьж байна”  гэсэн юм. А.Гансүхийн хувьд Тавантолгойн гэрээний асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсээр байгаа. Түүний хувьд УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх. Харин УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээнд хоёр сая хувьцаа эзэмшигчээс асуу гэсэн тайлбартайгаар буцаагаад байгаа юм.

    Энэ тухайгаа тэрбээр “100 чухал сэдэв”-ийн хоёрдугаар анги буюу “Женко” Х.Баттулгын оролцсон нэвтрүүлгийн үеэр ч дурдаад амжсан. Тэгвэл Б.Жаргалсайханы хувьд ч мөн адил дээрх нэвтрүүлгийн фактад түшиглэн үзэл бодлоо илэрхийлсэн. Тэгэхээр энэ бүхэнд уялдаа холбоо гарч байгаа юм. Ямартай ч Тавантолгойн асуудлаар улстөрчид байр сууриа илэрхийлсээр байгаа бөгөөд энэ улс төржилт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.

С.НАРАН