05.06

Урсгал сөрөг давхиж бяцхан охины аминд хүрсэн цагдаагийн албан хаагчийг шүүнэ

Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгон дахь Цагдаагийн тасагт бүртгэлтэй автомашин өнгөрөгч оны есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад тавдугаар ангийн бяцхан охиныг дайрч хөнөөсөн хэрэг гарсан билээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг, таван буудлын замд 12 настай хүүхэд дайрсан бөгөөд талийгаач гарцтай газраар зам хөндлөн гарч явахад нь 00-23 СЭҮ улсын дугаартай цагдаагийн автомашины жолооч У тэр үед урсгал сөрөн хурдтайгаар явж байгаад мөргөж амийг нь хөнөөсөн юм. Тухайн үед 17 дугаар сургуулийн орчимд хотын төв рүүгээ чиглэх зам нь ачаалал ихтэй хөдөлгөөн саарсан байсныг гэрчүүд хэлсэн байдаг.

Тухайн үед У нь “Урсгал сөрж 65 км/ цагийн хурдтай явсан. Гэнэт хажуугаас гарч ирсэн болохоор машинаа зогсоох гэж оролдоод чадаагүй” гэж мэдүүлсэн байдаг аж.

Тэгвэл, таван буудлын эцэст 12 настай охиныг дайрч амь насыг нь хөнөөсөн цагдаагийн ажилтнуудтай холбогдох шүүх хурал өнөөдөр БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох юм байна. Талийгаачийн ээж н.Оюунчимэг саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа цагдаагийн албан хаагч учраас маш бага ял аваад, миний охины буруу мэтээр ойлгуулаад өнгөрөх гэж байна хэмээн мэдүүлж байсан юм.