Өнгөрсөн оны байдлаар нийслэлд болон орон нутагт хүүхдийн асрамж, халамжийн нийт 33 төвд 1015 хүүхэд асруулж байгаа гэх Хүүхдийн төлөө үндэсний газрын мэдээлэл байдаг. Тэгвэл тэдгээр 33 асрамжийн төвийн гурав нь улсынх, бусад 30 нь гадаад дотоодын хувь хүн, компани, буяны байгууллага хариуцан ажиллуулдаг гэнэ. Тэгвэл Хүний эрхийн үндэсний комиссоос тэдгээр асрамжийн газруудын үйл ажиллагаатай танилцаж, хяналт шалгалт, судалгаа хийжээ.
Уг шалгалтаар Кристина Нобелийн сангийн санхүүжилтээр ажилладаг “Нархан” төвийн хүүхдүүдийн эрүүл мэнд эрсдэлтэй байдалд байна гэж үзжээ. Учир нь, тус төв гэр хороололд байдаг бөгөөд тухайн газар нь мөнх цэвдэгтэй тул асрамжийн төвийн гэрүүдийн халаалт хангалтгүй байдаг аж. Мөн “Манай гэр-1”, “Гайхамшигт тусламж” төв өөрийн өмчийн байргүй, бусдын байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зориулалтын бус түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах нь хүүхдийн нас, бие, сэтгэхүйд тохирсон орчин бий болох боломжгүй гэж үзжээ.
Асрамжийн төвүүдэд нийтлэг илэрсэн бас нэг томоохон зөрчил нь хүүхдүүдийг товлосон эмчийн үзлэгт хамруулдаггүй, эмийн санд нь хугацаа дууссан, нэр төрөл нь тодорхойгүй эмүүд байсан явдал юм. Шалгалтаар хугацаа нь дууссан Clotri denk, Assure platinum-цусан дахь глюкоз хэмжих тест, хугацаа нь тодорхойгүй Мезим-форте, USOSAN, Фуросимид 40 мг, Kettotifen зэрэг нэр нь тодорхойгүй 11 төрлийн эм илэрсэн бөгөөд тэдгээрийг устгуулсан байна.