07.27

”Бие биесийнхээ тамга тэмдгийг хулгайлсан асуудал байгаа бол цагдаад хандах нь зүйтэй” гэв

Ерөнхийлөгчийн сонгуулиар Нийслэл хотод үнэмлэхүй ялалт байгуулсан Ардчилсан намын чихийг Баянзүрх дүүргийнхэн дахин халууцуулж эхэллээ. 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дараагаар тус дүүргийг аль нам удирдахаа үзэн өлсөглөн зарлах, суулт хийх, харилцан хүч хэрэглэн дүүргийн удирдлагын байрыг булаан элзэх үйл явцууд өрнөсөн. Учир мэдэх хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Баянзүрх дүүргийн асуудал дахин босч ирнэ гэж хэлж байсанчлан, удирдлагыг хяналтандаа авсан тус дүүргийн Ардчилсан намын хорооныхон хөлөө жийлцэж, хууль бус үйл ажиллагаа ар араасаа хийх болжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Баянзүрх дүүргийн 13, 20, 22, 24, 28 дугаар хороодын иргэдийн нийтийн хурлыг зарим Иргэдийн нийтийн хурлын дарга нарын эзгүйд, иргэдээсээ нууцаар Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх Нэг зүрх” төвд шөнө оройн цагаар хуралдан хороодын засаг дарга нарыг сонгож байгаа аж. Зарим хороодын иргэдийн нийтийн хурлын даргын өрөөнөөс нь тамга тэмдгийг нь хулгайлан авч, шийдвэрээ баталгаажуулсан бололтой. Тамгаа хулгайд алдсан иргэдийн нийтийн хурлын дарга нар цагдаад хандаад байгаа гэнэ. Эх сурвалжууд эдгээр үйл явдлыг зөвхөн тус дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваагийн талын хүмүүс зохион байгуулж байгаа гэж үзэж байгаа аж. Учир нь нууц хуралдаануудыг АН-ын гишүүн, Иргэдийн нийтийн хурлын дарга байхаасаа үл хамааран мэдэлгүй өнгөрөөж, өрөөнөөсөө хүртэл тамгаа хулгайд алдсан байх юм. Харин энэ талаар Засаг дарга Д.Пүрэвдаваагаас тодруулахад “Хорооны иргэдийн нийтийн хурал нь тухайн хурлын дотоод асуудал. Бие биесийнхээ тамга тэмдгийг хулгайлсан асуудал байгаа бол цагдаад хандах нь зүйтэй” гэлээ.

Эх сурвалж: http://www.toimch.mn/post/182ddg