Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан билээ. Ажлын хэсэг Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүн, Чингис, Самурай бондын зарцуулалт зэргийг шалгаж байгаа юм. Шалгалт хийсэн Аудитын Ерөнхий Газрын дүгнэлт гарч, шалгалтын дүнг танилцуулахад бэлэн болсон байгаа.
Энэ талаар шалгалт хийсэн УИХ-ын гишүүд нэлээдгүй ноцтой зөрчил илрүүлсэн хэмээн мэдэгдэж байгаа ч Хөгжлийн банкнаас өнөөдөр мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд Үндэсний аудитын тайланг зөрүүтэй мэдээлж, зориуд судалгаа, мэдээлэлгүй хэт нэг талыг барьсан мэдээлэл цацаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ зүй бус үйлдлээ зогсооно уу хэмээсэн байсан юм.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын Тамгын газрын цахим хуудсанд байршуулсан Аудитын дүгнэлтээс тэс хөндлөн асуудлаар байгууллагын нэр хүндэд удаа дараа халдаж байгаа учраас хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ гэдгээ хэлсэн юм.
Зарим хэвлэл мэдээллээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал сардаа зургаан сая төгрөгийн цалинтайгаас гадна зургаан сая төгрөгийн урамшуулал авдаг, Ерөнхий сайдаас их томилолт гаргуулдаг, Хөгжлийн банкны дарга нар нь хүртэл 150 сая төгрөгийн машин авах мөнгө гаргуулсан зэрэг асуудлыг дэлгэн тавьсан юм. гэсэн ч энэ бүхэн худлаа хэмээн тус байгууллага үгүйсгэлээ.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр энэ бүх мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан илүүтэй мэдэж байгаа бөгөөд бүх ноцтой баримтуудыг тэрбээр гартаа оруулсан сурагтай. Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн мэдээгээр мэдээлэл хийх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан нь энэ мэт ноцтой асуудлаар АН-д шахалт үзүүлж эхэлсэн гэсэн хардлага байгаа юм.
Харин ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ажлын хэсэг дүнгээ нэгтгэсний дараа гарын үсэг зураад мэдээлэл хийнэ гэсэн тайлбар өглөө. Зарим нэг ноцтой асуудал байгаа гэдгийг ч тэрбээр нуугаагүй юм. Энэ талаар Ч.Хүрэлбаатар гишүүн хэлэхдээ “Гаргасан хөрөнгүүдийг үр ашиггүй, сонгон шалгаруулалтгүй, зарим мөнгө нь хаачсан бэ гэмээр олон асуудал байгаа. Ажлын хэсэг дээр эцэслэн хуралдаж, гарын үсэг зурсны дараа мэдээлэл хийнэ.
Тухайн үед 1.5 тэрбум долларын бонд гаргасан. Үүнтэй холбоотой бичиг баримт одоо болтол бидний гар дээр ирээгүй байна. Мөн Самуурай бондын зуучлалын гэрээний нэлээн хэдэн төгрөг дутсан. Зуучлалын гэрээг одоо болтол нэхээд бидэнд өгөхгүй байгаа” хэмээлээ. Мөн Монроуд компани замын мөнгө гаргуулсан ч одоо хүртэл зам бариагүй гэсэн асуудлаар жич мэдээлэл өгнө хэмээлээ.