05.07

Шийдэлгүй “Шийдлийн цаг”

Монгол хэлний тайлбар толинд бичсэнээр шийдэл гэдэг нь аливааг шийдэх, эцэслэх гэсэн утгатай. Гэтэл Ч.Сайханбилэг сайдын уриа лоозон болсон энэ үг бодит байдал дээр биеллээ олохгүй байгаа нь олон зүйлээс харагдана. Н.Алтанхуяг сайдын үеэс Засгийн газар өмнөө ямар нэгэн тодотгол дагуулдаг болсон. Энэ нь Засгийн газрын тэргүүнүүдийн санаачилга бөгөөд тухайн Засгийн үндсэн зорилго ч гэж ойлгож болно. Н.Алтанхуягийн Засгийн газар шинэчлэлийн гэх тодотголтой байсан бол Ч.Сайханбилэгийнх шийдлийн гэх тодотголтой. Нэрийг нь уншихад шууд л тухайн Засгийн газрын жанжин шугамыг харж болно гэсэн үг. Харамсалтай нь шинэчлэх уриатай Н.Алтанхуягийн Засгийн газарт гэрэл гийхгүй байсаар бөхсөн. Үнэндээ өөрчилж, шинэчилсэн зүйл энэ Засгийн газарт хуруу дарам цөөн. Гэсэн атлаа “Төрийн албыг төрлийн алба болгосон” гэх алдарт тодотголтойгоор “амь тавьсан”-ыг нь хэн хүнгүй мэдэж буй. Харин АН-ын даргын /асан/ араас мөн л тухайн намын хүн буюу Ч.Сайханбилэг гарч ирж, Засгийн газрыг толгойлох болсон. Тэрбээр ийнхүү засаг толгойлохдоо намынхаа даргын уламжлалыг үргэлжлүүлсэн бөгөөд шинэчлэлийн гэх үгийг шийдлийн болгож сольсон. Шийдэл олохоо зарлаж гарч ирсэн түүнийг дэмжих хүн олон байсан ч Ч.Сайханбилэг гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх болсноос хойш эцсийн байдлаар шийдлээ олсон асуудал үнэндээ алга. Нэг ёсондоо, Ч.Сайханбилэгийн шийдэл зөвхөн уриа лоозон төдийхнөөр үлбэгнэж байна гэвэл үнэнээс хол зөрөхгүй. Энд ердөө ганцхан жишээ дурдахад, шийдлийн Засгийн газрын тэргүүн “Шийдлийн цаг”-ийг бий болгож, долоо хоногийн лхагва гариг бүрт нэг асуудлыг нэг тийш болгохоор болсон. Гэтэл өнөөдрийн байдлаар ийм уулзалт таван удаа болсон ч шийдлээ олсон зүйл нэг ч алга. Нэг ёсондоо , “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайд аль нэг яам, агентлаг, тамгын газрын удирдлагуудыг дуудаж, бөөн бөөн үүрэг өгөх төдий болоод л өнгөрдөг болов.

ШИЛЭН ХЯНАЛТЫН ҮР ДҮН ХААЧИВ

Шийдлийн цаг өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн бөгөөд шийдлээ олох эхний асуудал нь Шилэн хяналтын системийг нэвтрүүлэх тухай асуудал байсан юм. Тодруулбал, “Хүмүүст ажил олгож, татвар төлдөг баялаг бүтээгч иргэдээ дэмжиж байж эдийн засаг сэргэнэ. Баялаг бүтээгчдээ хэм хэмжээгүй хяналт шалгалтаар дарамтална гэдэг эдийн засгаа дарж байна гэсэн үг. Манайд зөвшөөрөл нэртэй хориг их байна. Хяналт нэртэй хяхалт, шалгалт нэртэй шахалт их байна. Ийм гомдол санал бизнес эрхлэгчдээс олон ирдэг. Хянаж шалгаж болно, шаналгаж болохгүй. Хяналт өөрөө хяналттай байх ёстой. Хянах арга нь шилэн хяналт” гэж Ерөнхий сайд үзсэн. Ингээд тэрбээр хяналтыг хянах систем бий болгохыг мэдээлэл технологийн салбарын удирдлагуудад үүрэг болгосны дагуу www.shilenhyanalt.gov.mn сайтыг үүсгэж, ажиллуулж эхэлсэн байдаг. Мөн энэ сайтын үйл ажиллагааг бизнес эрхлэгчдэд байгуулахыг уулзалтад оролцсон хүмүүст үүрэг болгосон юм. Засгийн газрын тэргүүн ийнхүү шилэн хяналтыг салбар бүрт бий болгохыг үүрэгдээд хоёр ч сарын нүүр үзэж байгаа ч бодит байдал дээр шилэн хяналт тогтоогүй л байна.

 ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ҮРГЭСЭН ХЭВЭЭР

“Шийдлийн цаг”-ийн хоёр дахь уулзалтаар Ерөнхий сайд хууль, хүчнийхнийг нэг дор цуглуулж байлаа. Учир нь хилээр зорчигчийг хил зөрчигч мэт болгодог байдлаа зогсоохыг тэдэнд үүрэгдсэн юм. Энэ уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын Ерөнхий прокурорын газрын дарга М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдорж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж нар оролцож байв. Эдгээр дарга нарт хоорондын уялдаа холбоогоо сайжруулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Түүнчлэн “Уг нь хууль, дүрмээр зохицуулагдсан асуудал. Энд цугласан бид нэг ойлголтод хүрч, асуудлыг цэгцлэх боломжтой. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаадын иргэдийн олонхи нь манай хоёр хөрш болон БНСУ-ын иргэд. Мөн хилээр гарахыг хориглосон монгол иргэдийн тоо ч цөөн биш байна. Хилийн хорио ихэдвэл хөл хорио болно. Хөл хориотой айлд хөрөнгө оруулалт, хөгжил, технологийн дэвшил зэрэг ч хориотой болно. Ингэж дур мэдэн хориглох нь ажлын байр, авах цалин, ашиг орлого, шинэ технологи Монголд нэвтрүүлэхийг хориглож байгаатай адил юм. Хөрөнгө оруулагчид бизнес, ашиг хайж ирдэг. Адал явдал хайж ирдэггүй. Айдсын төлөө хөрөнгө оруулалт хийхгүй, ашгийн төлөө хөрөнгө оруулалт хийдэг зарчимтай” хэмээн Ерөнхий сайд онцолсон. Ийнхүү гаднаас ирэх жуулчин төдийгүй хөрөнгө оруулагчдыг үргээхгүй, хил дээр гацаахгүй байхыг хуулийнханд үүрэгдсэн ч өнөөдрийн байдлаар гадаад хөрөнгө оруулалт улам л дордсоор байна. Цаашлаад гүйцэтгэх засаглалын тэргүүн ийнхүү үүрэг өгдөг ч хэрэгжилт нь ямар байгааг шалгаж, эргэж хянах тогтолцоо бүрхэг хэвээр.

ЯАРМАГ ДАХЬ НЯЛХСЫН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ КОНЦЕССООР БАРИУЛЖ, АШИГЛУУЛАХ АСУУДАЛ ОДОО Ч ЦААСАН ДЭЭР БАЙНА

Таван жилийн өмнө эхэлсэн Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг балгас болоод зогсчихсон, төрөх гэж таван жил дуншсан асуудлыг Ерөнхий сайд “Шийдлийн цаг”-аараа онцолсон. Гэсэн ч мөн л өнөө хэр энэ асуудал шийдлээ олоогүй байна. Энэ эмнэлгийг барих шийдвэр 2009 онд гарч байсан бөгөөд тухайн үед мэндэлсэн хүүхдүүд өдгөө сургуульд оржээ. Бага өртөг хэлж тендер аваад, дараа нь их үнэ нэмж тэнгэрт хадаагаад, барилга ч биш балгас болгодгийн нэг жишээ нь энэ барилга болсон юм. Ерөнхий сайд энэ асуудлыг хөндөж байхад “Монгол бол хүүхэд залуусын орон. Хүүхэд залуусын оронд олон эмнэлэг, сургууль, цэцэрлэг хэрэгтэй. Жамаараа төрдөггүй төрөх эмнэлгийг шинэ шийдэл, шинэ загвараар “хийсвэр хийж” төрүүлэх шийдлийг гаргах цаг болжээ” гэж хэлсэн. Гэтэл тэрбээр ингэж хэлээд мөн л сар гаруйн хугацаа өнгөрч байна. Угтаа “Шийдлийн цаг”-аар орсон асуудал тэр даруйдаа л шийдлээ олж байх учиртай. Гэсэн ч эмнэлгийн асуудал урьдын адил дуншсан хэвээр л байна. Түүнчлэн “Яармаг дахь төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах нь зүйтэй. Барилгыг гүйцээн барих, орчин үеийн техник хэрэгслээр тоноглох, эмнэлэг шиг эмнэлэг болгоход шаардлагатай 40 тэрбум төгрөгийг босгох шаардлагатай байгаа. Концессоор авсан багт улсын эмнэлгийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ хувийн эмнэлгийн жишгээр төлбөрт үйлчилгээ хийж өрсөлдөх эрх олгох учиртай” гэж тэрбээр хэлээд холбогдох албаны хүмүүст сурсан зангаараа үүрэг болгосон. Гэсэн ч асуудал цэгцрээгүй, эмнэлэг барих 40 тэрбум төгрөг мөрөөдөл хэвээр байна.
 

ШИЙДЭЛГҮЙ “ШИЙДЛИЙН ЦАГ” НООЛУУРЫН ҮНИЙГ
ОНИЛСОН Ч ҮР ДҮН ГАРСАНГҮЙ

 Ээлжит “Шийдлийн цаг”-ийн сэдэв ноолуурын үнийн асуудал байсан. Малчдын амьжиргаанд бодит дэмжлэг болдог ноолуурын үнэ буусаар байгаа үед Засгийн газрын тэргүүн энэ асуудлыг шийдэхээр зорьсон нь олон малчны магнайг тэнийлгэсэн ч үнэндээ байдал яг байрандаа байна. Товчхондоо, ноолуурын үнэ буурсан хэвээр. Уг нь Ерөнхий сайд хэлэхдээ “Ноолуур бэлтгэдэг ид үеэр эрэлт нь багасч, үнэ буурлаа. Өнгөрсөн жилийн мөн өдийд нэг кг нь 70 мянгад хүрч байсан бол кг ноолуур энэ жил 40 орчим мянган төгрөг байна. Засгийн газар зах зээлийн энэ харилцаа руу орж, үнэ тогтоохгүй. Малчны хотонд давхиж очоод ноолуур самнаж, жигнэж, мөнгө тоолж, наймаа хийхгүй ч зах зээл, малчдын амьдрал ахуй, экспортын бүтээгдэхүүний эх үүсвэртэй холбоотой энэ чухал салбараа анхаарч ямар нэгэн зохицуулалт хийх учиртай. Засгийн газар ноолуур үйлдвэрлэгчдээ илүү хөрвөх чадвартай, эргэлтийн хөрөнгөтэй байх боломжийг нээх шийдвэр гаргах ёстой” хэмээгээд холбогдох яамны сайд нарт яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгосон удаатай. Ингэж “Малчдаа ч, үйлдвэрлэгчдээ ч дэмжих хувилбарыг бид олох учиртай. Энэ асуудалд хоёр яам анхаарч шуурхай ажиллая” гэж дарга нарын хэлсэн үг зөвхөн цаасан дээр дурайсаар л байна. Энэ мэтчилэн “Шийдлийн цаг”-аар том оврын автомашинуудыг хилийн застав, хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын албадад хуваарилах асуудлыг ярьсан ч өнөөдөр бүрэн хэрэгжиж амжаагүй л байна. Түүнчлэн хамгийн сүүлийн сэдэв нь төрийн 167 үйлчилгээг ТҮЦ машинаас гадна www.ezasag.mn хаягаар авдаг болно гэсэн ч эцэслээгүй. Нэг үгээр бол, “Шийдлийн цаг”-ийг мөрөөдлийн жагсаалт гэж нэрлэж ч болохоор байна. Гэсэн ч нэгэнт эхлүүлсэн ажил учраас “Шийдлийн цаг” үргэлжилсээр, ямар нэг асуудлыг хөндсөөр, шийдэл ололгүйгээр Ерөнхий сайд үүрэгдэж, цаг хугацаа урссаар л байх нь.