08.03

Үүрдийн гэх юмгүй өчигдрийн гэгээн бүхэн минь


Үргэлж зунаараа байдаггүй хүний энэхэн хорвоод
Үргэж надаас ниссэн хунгийн дуутай зэрэгцээд
Үс гэзгийг минь илбэж, аньсага нүдийг үнссэн
Үүрдийн гэх юмгүй өчигдрийн гэгээн бүхэн минь...
Даль жигүүр ургах шиг тэнгэрээр жаал эргэлдэж
Даамай их хайрынхаа өлмийд сөгдөн мөргөж
Дундаршгүй их итгэлээр сүү шиг дэвэрч явсан
Дулаахан бүлээхэн дурсамжууд сэтгэлд мөстөөд үлдэв ээ...
Дэндүү чиг их хайрладаг байж дотоод мөн чанартаа
Дураар зоргоор эрхэлдэг ч байж тэр гэгээн өдрүүдэд
Далавчаа хумин сууж, сэтгэлээ дэлгэн өгдөг ч байж
Дэмий хоосон өнгөрүүлээгүй миний л ганцхан өчигдрүүд минь...
Гоёхон сайхан бүхэнд сэтгэл алдардаг хорвоо юм гээд
Гараас чинь зуурч бариад тавихгүй ч байж болох л байсан
Гагцхүү хүсэл минь хясаж, сэтгэл минь цөхөрсөн учраас л
Ганцаархнаа цааш даялан жигүүрээ дэлгэн ниссэн би...
Учрах цаг байхад хагацах өдрүүд ирдэг шиг
Уяан дээрээ өнжөөж чамайгаа торгоохыг хүссэнгүй ээ...
Ухаан бодлыг минь хүндэлж, уяхан сэтгэлд минь хүлэгдсэнсэн бол
Учрал ерөөлөөр учирсан тавилан заяагаа гамнах байв...
Сэтгэл гэдэг цагаан болоход сүү шиг ээдэж
Сэмэрч урагдсан он жилүүдийн дурсамжийг нэмж орхиод
Санаан зоргоороо явсан охин насыг минь хальтхан сануулж
Сарны хэлтэрхий явсан миний нэгэн гэрлийг бөхөөгөөд шингэвээ...
Дотор бөглөсөн орон зайн тэртээ нэгэн мухарт
Дотнохон чиний гэгээхэн дүр төрхийг оньслон цоожлоод
Дундуур дүүрэнгээс бүтдэг хүний л тавиланг зөрчиж үл зүрхлээд
Дараачийн намраар буцаж ирэх сэтгэлийн орон зайгаа үлдээгээд нисэв ээ...
М.Эрдэнэчимэг