08.18

“Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр” байгуулна

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Сургалт судалгаа мэдээллийн төв”, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр” байгуулахаар боллоо.

Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд баталсан. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай бүтэц, орон тоог бий болгох, хүүхэд хамгааллын үйлчилгээг олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх хэрэгцээ шаардлагад үндэслэн “Өнөр бүл хүүхдийн төв”-ийг өөрчлөн зохион байгуулж, ийм төвүүд байгуулан, бүтэц орон тоонд зохицуулалт хийхээр болжээ.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлагад хариу үйлчилгээ үзүүлэх шаардлага зайлшгүй байгаа тул Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг энэ оны эхний сараас өнөөдрийг хүртэл туршилтаар ажиллуулж байна. Энэ хугацаанд 153 хүүхэд нэг хоногоос гурван сар хүртэл хугацаагаар байрлаж хамгааллын үйлчилгээ авсан байна.

Иймд “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн дэргэд Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, түр хамгаалах байрыг ажиллуулах зайлшгүй хэрэгцээ байна гэж үзжээ.

Эдгээр төвийг байгуулахад улсын төсөвт дарамт учрахгүй бөгөөд төсөв хооронд зохицуулалт хийх замаар шийдвэрлэгдэж байгаа юм.

Европын холбоо Төлөөлөгчийн газраа Улаанбаатарт байгуулна

Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах, түүний эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо болон Европын Атомын эрчим хүчний нийгэмлэг хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө.

Европын холбоо нь өөрийн бүрэн эрхт, дипломат статустай Төлөөлөгчийн газраа Монголд байгуулах шийдвэрээ өнгөрсөн сарын 20-нд гаргасан байна. Ингэснээр Европын холбоо дэлхийн 140 оронд дипломат төлөөлөлтэй болох юм.

Европын холбоо нь Төлөөлөгчийн газрын тэргүүнээ энэ оны есдүгээр сард багтаан томилж, үйл ажиллагаагаа 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөөд байна. Эхний ээлжинд тус Төлөөлөгчийн газрыг Улаанбаатар дахь Италийн Элчин сайдын яаманы байранд ажиллуулах юм байна.