08.28

Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна


Тэгвэл Монголд... 
Ерөөс хүний эрхгүйгээр эрх, эрх чөлөөний тухай, ардчилал, хөгжлийн тухай ярилтгүй. Амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, боловсрол эзэмших, ялгаварлан гадуурхахгүй байх эрхийг дэлхийн олонх улс орон тунхагласан. Монгол Улс ч адилхан. Үндсэн хуульдаа энэ тухай тодоос тод хуульчилсан хэдий ч хүний эрхийн зөрчил жил ирэх тусам нэмэгдэж, төрөл нь өргөжих болсон. Харин тэдний энэ эрхийг эдлүүлэхийн төлөө нийгэмд шүгэл үлээж алхам хийсэн нэгэн ч адлагдах болжээ. Энгийн жишээ гэхэд үзэлд бодлоороо нэгдэж жагсаал цуглаан хийх эрх иргэдэд тэр бүр нээлттэй бус байна. Үндсэн хуулиараа энэ тухай зөвшөөрсөн байдаг ч процессын явцад алдагдах тохиолдол их байгаа юм. Ялангуяа сонгуулийн үеэр энэ байдал улам гаарсан болохыг хүний эрхийг хамгаалагчид онцолж байна. 
Сэтгүүлч, цагдаа, шүүгч, прокурор, хүний эрхийг хамгаалах байгууллагын ажилтнууд, иргэний нийгмийнхэн бүгд хүний эрхийг хамгаалагчид. Тэдний ажил үүргийн байдлаас шалтгаалж эрх нь зөрчигдөх явдал энгийн үзэгдэл болсон. Сэтгүүлчид гэхэд нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэснийхээ төлөө хэн нэгнээр шууд болон шууд бусаар дарамтлуулах тохиолдол хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрт бий. Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаа, шүүхэд дуудагддаг болсон. Шүгэл үлээснийхээ төлөө шүүгдэхийг хэн ч хүсэхгүй. Зөвхөн сэтгүүлчид бус цагдаа, шүүхийнхэн ч хүний эрхийг хамгаалагчид. Тэд аливаа хүний эрхийг шударгаар шийдсэний төлөө хэн нэгнээс ямар нэгэн дарамт хүртдэг тохиолдол ч олон байдаг юм байна. Иргэний нийгмийн байгууллагын ажилтнууд ч алхам тутамдаа хууль эрх зүйн үйлчилгээг тэгш бус хүртдэг, дарамтлуулдаг, ялгаварлан гадуурхагддаг зөрчлүүд байна.
Хүний эрхийг хамгаалагчид хэрхэн хохирдог вэ?
Гэвч энэ тухай нэгдсэн мэдээлэл өнөөдөр хүртэл нэгтгэгдээгүй байдаг юм байна. Хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хамгаалах шаардлага зөвхөн Монголоор ч бус олон улсад учирсаар байгааг дээр дурдсан. Судалгаа, баримт дээр суурилан тус асуудлыг шийдэх шийдлийг олох ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл Монгол Улсад хэчнээн хүний эрхийг хамгаалагч эрх нь зөрчигддөг, ямар ямар хэлбэрээр түлхүү зөрчигддөг тухай мэдээлэл хомс байгааг Хүний эрхийн үндэсний комиссын ахлах референт Х.Мөнхзул онцоллоо. Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс 2014 онд хүний эрхийг хамгаалагч 1375 хүний дунд судалгаа явуулжээ. Судалгааны явцад хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хууль эрх зүйн орчноор баталгаажуулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрснийг тэрээр ярилаа. Тиймээс Хүний эрхийн үндэсний комиссоос Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах тухай хуулийг боловсруулаад байгаа аж. 
Хуульчлагдах шатандаа явж буй энэ асуудал хоёр талтай. Хүний эрхийг хамгаалах байгууллагууд манай улсад хэд хэд бий. Хүний эрхийн үндэсний комисс, Эмнести интернэшнл, Глоб интернэшнл гэх мэт. Эдгээр байгууллагуудад тус тусын мэдээлэл бий. 
Хүний эрхийг хамгаалагчид ч өөрсдөө харъяалах чиглэлээр эдгээр байгууллагуудад хандах учиртай. Зөрчлийн талаар нэгдсэн, нарийн мэдээлэл байдаггүйн нэг шалтгаан эрх нь зөрчигдсөн талаар мэдээллийг хамгаалагчид холбогдох газарт тухай бүртээ гаргадаггүй, энэ талаар мэдээлэл, мэдлэг хомс байгаа юм. Нөгөө талд хүний эрхийн байгууллагууд тус тусдаа ажилласаар байгаа нь нэгдсэн мэдээлэл гаргахад хүндрэлтэй нэг шалтгаан болдог аж. Тиймээс хамтран сүлжээ болон нэгдэж энэ чиглэлд ажиллавал нийгэмд илүү үр дүнтэй дуу хоолой болж чадна гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байна.