Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, Т.Цэрэнноров нарын хүмүүс өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгааг өмнө нь мэдээлэлж байсан.
Тэгвэл энэ удаад НЗДТГ-ын гадна талд иргэд цугларч НИТХ-ын дарга Ц.Сандуй болон НИТХ-ын бүх гишүүдийг огцруулахыг шаардаж, жагсаж байна.
Иргэд Улаанбаатар "Ундуй Сундуй" боллоо хэмээн лоозон барьж, 60 тэрбумын асуудлыг хөндөж байсан юм. Жагсаалд оролцож буй нэгэн иргэний яриаг хүргэе.
Жагсагч “60 тэрбумын хэрэг үнэн гэдэг нь олон нөхцөлөөр тодорхой болсон. Төрийг үндсэн хуулиар бус мөнгөөр худалдаж авсан Нийслэлийн иргэдийн хурал огцрох ёстой гэж залуу хүний хувьд үзэж байна. Дахин сонгууль явуулж шударга хүмүүсээр Нийслэлийн иргэдийн хурлыг бүрдүүлэх ёстой. Өнөөдөр Нийслэл хотын иргэд аз жаргалтай амьдарч чадахгүй байна. Ард түмний амьдралаас хол тасарсан шийдвэр гаргах боллоо. Ганцхан жишээ дурдахад "зүүн эргэхгүй" байх шийдвэр юм. Энэхүү шийдвэрээс болоод иргэд ажлаасаа хоцорч байна. Энэ байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тиймээс бид энд нэгдэж эсэргүүцлээ илэрхийлье гэсэн юм. Нийслэлийн иргэдийн хурал бол хүмүүсийн сонголтоор бий болоогүй. 60 тэрбумын үндсэн дээр бүтсэн иргэдийн хурал юм” гэлээ.
Хэрэв тэдний энэ жагсаал үр дүнд хүрэхгүй бол тэмцлийн илүү хурц байдалд шилжиж болзошгүй аж.
Б.Янжиндулам
www.zindaa.mn