Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Ц.Адъяахишиг нар Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийн ахлах зөвлөх Чиба Хисао, төслийн мэргэжилтэн Тэрүя Эми, төслийн ажилтан Г.Амаржаргал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих хэлтсийн ажилтан Б.Болороо нарыг хүлээн авч уулзлаа.
Манай улс 2009 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийг баталсан. Жайка байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төсөл нь 2016 оны тавдугаар сараас манай улсын нийслэлд хэрэгжиж эхэлсэн бөгөөд дөрвөн жил үргэлжлэх юм байна.
Тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургагч багшаар бэлтгэн, өөрсдөөр нь хичээл заалгах болсон нь илүү үр дүнтэй гэж үзжээ. Өнөөдрийн байдлаар 16 сургагч багшийг бэлтгэж, Хүний эрхийн Үндэсний Комисстой сургалт, сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа төслийнхөн илэрхийлэв.
Уулзалтын үр дүнд 2017 онд Япон болон Монгол Улсад зохион байгуулах “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдэвт сургалтуудад Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтныг хамруулах, Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубтэй хамтрах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудал, мэдээллийн хүртээмжтэй байдлыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.