09.27

НҮБ Т.Лхагвасүмбэрэл агсны хэргийг дахин шалгах хэрэгтэй гэв

Нэгдсэн үндэсний байгууллагын Хүний эрх, хүрээлэн буй орчны асуудлаарх тусгай илтгэгч Жон Х.Нокс манай улсад ажиллаж, өөрийн өгсөн үнэлгээгээ өнөөдөр танилцуулсан юм.
Түүний дүгнэлтэд нэг чухал асуудал хөндөгдсөн нь Монгол Улсын Засгийн газар байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн хэргийн мөрдөн байцаалтыг дахин хийж, хамгаалалтын албаны бусад гишүүдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах ёстой гэв.
Монголын цоохор ирвэс хамгаалах сантай хамтран ажиллаж байсан байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн хоёр жилийн хугацаанд Говь цөлийн Алтайн нурууны уулархаг нутаг дахь Тост тосон бумбыг хамгаалалтад авахуулахын төлөө зүтгэж байсныхаа төлөө гурван удаа халдлагад өртөж, улмаар амиа алдсан ч түүний үхлийн шалтгааныг амиа хорлолт хэмээн дүгнэсэн байсан гэдгийг Жон Х.Нокс онцлов.
Дэлхийн олон оронд байгаль орчны хүний эрхийн хамгаалагчид хүчирхийлэлд өртөж, тэрчлэн амиа алдсаар байгаа аж. Дэлхий дээр долоо хоног тутамд дунджаар байгаль орчны дөрвөн хамгаалагч амиа алдаж байна. Маш олон хүн айлган сүрдүүлэг дор амьдарч байна гэдгийг тэрбээр хэлж байна.
Манай улсын хувьд бусад улс орон шиг ноцтой байдал үүсээгүй ч гэсэн байгаль орчны эрхийг хамгаалагчдаас хууль бус уул уурхай, хулгайн агнуурыг эсэргүүцсэнийхээ төлөө хүчирхийлэл, сүрдүүлэгт өртөж байгаа аж.
Тиймээс Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын боловсруулсан Хүний эрхийн хамгаалагчдын тухай хуулийн төслийг яаралтай батлуулах хэрэгтэй гэдэг байв.
Одоогоор энэ хуулийн төслийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хянаж байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс энэ хуулийг батлан, хэрэгжүүлэхэд ч Монгол Улс тэргүүн ач холбогдол өгөх хэрэгтэй гэв.