05.09

Siemens компани 4,500 ажилтнаа халахаар болжээ

Германы технологийн тэргүүлэгч Siemens компани 7,000 ажлын байр цомхотгох мэдэгдэл хийснийхээ дараа дэлхий даяар нийт ажиллах хүчний нэг хувийг буюу 4,500 хүнийг халахаар болсон байна. Тус компанийн улирлын ашиг 5 хувиар буурч, 1.7 тэрбум еврод хүрсэн мэдээллийн дараа ийнхүү олон тооны цомхотгол хийх тухай мэдэгдлийг удирдлагын зүгээс хийсэн юм. Компани мэдэгдэлдээ, “Дэлхийн зах зээл дэх нөхцөл байдал улам бүр хэцүүдэж байгаатай холбоотойгоор ийнхүү орон тоог цомхотгох арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн” хэмээн дурджээ.

Арга хэмжээний хүрээнд Siemens-ийн Герман дахь салбараас 2,200 ажилтанг халахаар болсон байна. Цахилгаан бараа, галт тэрэг, хөдөлгүүрийн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Siemens компани нь дэлхий даяар 340,000 ажилтантай аж. Түүнчлэн үнийн элэгдэл, хууль тогтоомжийн өөрчлөлт болон өрсөлдөгчдийн идэвхтэй байдал зэрэг нь тус компанийг ийнхүү шийдвэр гаргахад нөлөөлсөн гэдгийг удирдлагууд нь онцолж байгаа юм. Гэсэн ч компанийн урт хугацаат стратеги төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахгүй, хэвээр үлдээх аж.