Өнгө будаг, утга чамин үг, уянга яруу эгшгээр байгаль ижийгээ үе үе магтан дуулж баярлуулах л гэж авьяастнууд төрдөг сөн үү. Морин хуурч Баттөрийн Хонгор гэмээнэ тийм заяат бөлгөө.
Гавьяат жүжигчин Идэрбатын уламжлалт язгуурын яруу эгшиглэл, ардын жүжигчин Батсайханы өнгөний гайхамшигт ялгарал, цохилго, залуу, нэрд гарч яваа морин хуурч Тэмүүжин, Амарбаяр, Жигжидсүрэн... нарын мэргэжлийн, дотоод сэтгэлийн эрчим хүч, гүн ухааны уянгалал Хонгор хуурчид буй юу. Түүний тэднээс сондгойрох онцлог юу вэ?
Ур чадварын хувьд ойролцоо л бол уу. Харин хөнгөн хөдөлгөөн, эмнэг хэмнэлт монгол аялгууг орчин цагийн цахилгаан хөгжмийн зэмсэгтэй эвлэгхэн найрсуулж, чадварлаг тоглолтоороо сонсогчдын сэтгэл зүрхэнд нааж өгдөг нь түүний давуу тал байж болох юм.
Говь түмний “Жонон хар морины явдал”, Э.Чойдогийн “Жалам хар”, Ц.Пүрэвхүүгийн “Икэлийн эгшигт нутаг”, Яруугийн “Чингис” аялгууг нь сонордоход “самсаанаас нь үүл дэгдэж, сагагнаас нь бороо дусагнасан” хурц түргэн морьдын нүргээнт төвөргөөн эрхгүй сонсогдох авай.
Хонгор хуурч ерэн оны цагаан морин жилийн “төл”. Хотын унаган хүү. Угшил нь хурдан адуу, уран чамин дархчуулаараа алдартай Сүхбаатарынх. Өвөө нь циркийн хөгжимчин, баянхуурч байсан нь, хар багадаа Морин хуурын чуулгын тоглолтыг зурагтаар үзсэн нь хүүг аав, ээжээ даган Хөгжим бүжгийн сургуулийг зориход хүргэсэн гэнэм.
Хуруу гарыг нь эргүүлж тойруулан шинжиж суусан хийлийн багш “Хүү, тэгээд хийлчин болохоор шийдээ юу” гэхэд “Үгүй ээ, морин хуурч” хэмээсэн нь асуудлын салхийг эргүүлж орхих нь тэр. Хийлчин багш “Өө, тэгвэл морин хуурын багшид шалгуулсан нь дээр” гэж зөвлөснөөр Батбаярт шавилж, хуурын “цагаан толгой” заалгасан байна. Залгаад Амраа багшаар дөрвөн жил “нухуулж” овоо элдүүр орж, урлагийн бартаа ихт гүнж их замын явдал даахуйц хэмжээнд хүрчээ.
Урлагийн хүний, хөгжимчин хүний явдал биз, хуруу гараа юу юунаас эрхэмлэн энхрийлдэг байна, Хонгор хуурч. Хуураа хөглөх гээд чихийг нь мушгиж чангалах төдийд л гарынх нь сарвуу хатуурч модойчихдог байна. Хатуурч сарвайсан хуруу чавхдас дээгүүр сул чөлөөтэй гүйж өгөхгүй. Иймхнээс л болж хөгжимчний тоглолтын ур чадварын асуудал босч ирдэг гээд бодохоор урлаг, урлагийн хүн ямархан эмзэг нандин болох нь илэрхий.
Хуурын буян, урлагийн буян их, “халх дөрөв, шавь тав”-аас аль хэдийнээ хальж таван тив, дөрвөн далайн наадтай, цаадтайд хүчирхэг монгол морьдын ялгуун төвөргөөн Хонгор хуурчаар өртөөлөн цуурайлсаар. Хоёр мянга таван онд юм. Туркт НҮБ-аас зохион байгуулсан арга хэмжээнд оролцохоор очсон нь Хонгор хуурчийн сэтгэлээс гардаггүй. Тэнд цугласан, хар, шар, тангад төвд таван хэлийн урлагчин хүүхдүүдээс монгол Хонгорыг л онцолж зохион байгуулагч орныхон хошуурчихаж. Малгай, дээл, морин хуур... буй бүгдийг нь барьж үзэж, шагшиж магтаж “Молистан, молистан” хэмээн шаагилдаж бөөн л юм болж. “Бид хөх толбот монголчуудын удам” гэлцээд туркууд хачин элэгсүү байсан болохоор аргагүй ч юм биз.
Алс чанадын хаа ч очсон адууны сүүлний хялгасыг хялгасаар нь хөрөөдөж гаргах гайхамшигт яруу аялгууг сонсоод хэн хүнгүй мэлмэрэн хайлахыг хараад билэг төгөлдөр түмнийхээ өв соёлоор бахархдагаа Хонгор хуурч өгүүлсэн.
Тэр дэлхийн попын хаан гэгддэг Майкл Жексоны үнэнч шүтэн бишрэгч. Дууг нь тав, зургаатайгаасаа л сонссон. Одоо ч бас. Уйддаггүй. Сурагч ахуйдаа жексон бүжгээр хичээллэж байсан удаатай. “Жексон чамд урлаг өртэй” гэж хэлэх дуртай. Майклын дуунуудаас морин хуураараа тоглох ил хүсэл, далд бэлтгэлтэй. Өд мөдгүй попын хааны түргэн хэмнэлт уянгалаг дуунууд монгол хуурчийн билэг авьяасаар дамжин морин хуурын хос чавхдас дээр цовхчин бүжиж, зон олны сэтгэлийг хөвсөлзүүлэн долгилуулах нь гарцаагүй.
Хонгор хуурчид морин хуур, Монголын урлаг өртэй болох цаг ирнэ.
Авьяас, хөдөлмөр, амны хишиг нэгэн биед дүүрэн цогцолж гэмээнэ алдрын титэм тэргүүнд нь зохиж од шиг цацран гэрэлтдэг бөлгөө.
Ц.ГАЛБАДРАХ