10.09

Нобелийн 2017 оны энх тайвны шагналтан тодорлоо

“Цөмийн зэвсгийг устгах олон улсын аян” (ICAN) байгууллага Нобелийн 2017 оны Энхтайвны шагнал хүртлээ. “Цөмийн зэвсгийг устгах олон улсын гэрээг хэрэгжүүлэхэд оруулсан хүчин чармайлтыг нь үнэлэн олгож байна” хэмээн Норвегийн Нобелийн шагналын Зөвлөлөөс мэдэгдсэн юм. 

“Бүх төрлийн цөмийн зэвсгийн хүн төрөлхтөнд учруулах хөнөөлт үр дагаварт дэлхий нийтийн анхаарлыг хандуулахын төлөөх үйлс болон цөмийн зэвсгийг хураах олон улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд оруулсан шинэлэг арга, зүтгэлийг үнэлэн олгож байна” хэмээн таван гишүүнтэй шагналын хорооны дарга Бэрит Рэйс-Андэрсэн шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн юм. 

“Цөмийн зэвсгийг устгах олон улсын аян” байгууллага нь (ICAN) дэлхийн 100 гаруй орны төрийн бус байгууллагуудын эвсэл бөгөөд дэлхийн үндэстнүүдийг эвлэлдэн нэгдэж цөмийн зэвсгийг бололцоотой бүхий л аргаар жигшээх, хазаарлах, устгахын төлөө хамтран ажиллах нэгдмэл хүч болж ирлээ” хэмээн хатагтай Рэйс-Андэрсэн шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ онцолсон. 

Тэрээр цааш нь “Энэ жилийн Нобелийн энх тайвны шагнал нь цөмийн зэвсэгтэй орнуудыг дэлхийд байгаа бараг 1500 орчим цөмийн зэвсгийг шат дараатай, зохистой байдлаар, болгоомжтойгоор устгахын төлөө дорвитой санаачилга гаргахыг шаардаж буй уриалга юм” гээд АНУ, ОХУ, Их Британи, Франц болон БНХАУ гэсэн таван орон энэхүү үйл ажиллагаанд 1970 онд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг зөвшөөрөхдөө л нэгдсэн гэдгийг тэмдэглэв. 

Энэ жилийн энх тайвны шагналд нийт 318 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 215 нь хувь хүн, 103 нь байгууллага байв. 

Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр ажиллаж, цөмийн түргэн реактор, ашигласан түлшний судалгаа хийдэг манай улсын Цэнхэр Сүлд ТББ “Цөмийн зэвсгийг устгах олон улсын аян” (ICAN) байгуулагатай 2007 онд анх үүссэн цагаас нь гишүүнээр элсэн хамтран ажиллаж иржээ. Гүйцэтгэх захирал Ж.Энхсайхантай холбогдоход “Цэнхэр Сүлд ТББ-н урилгаар “Цөмийн зэвсгийг устгах олон улсын аян” байгууллагын гишүүдээс Монгол Улсад айлчилж байсан. Энэ байгууллага дэлхийн 101 орны нийт 468 байгууллагатай хамтран ажилладаг. Бид өчигдрөөс хойш бие биедээ баяр хүргэлээ” гэсэн юм. Цэнхэр Сүлд ТББ нь “Цөмийн зэвсгийг устгах олон улсын аян” (ICAN)-тай мэдээлэл солилцох, олон улсын болон бүс нутгийн хуралд нь оролцож зэвсэг хураахтай холбогдсон зарим асуудлаар илтгэл тавих, санаа бодлоо илэрхийлэх зэргээр хамтран ажиллаж иржээ.

Мөн тус байгууллага манай улсын нэг улс дангаараа цөмийн цэвсэггүй бүс байгуулсан туршлагыг 2014 онд Олон улсын парламентын холбооны шугамаар Женевт хэлэлцэх ажлыг санаачлан дэмжиж байжээ.

С.Энхцэцэг
http://www.zuv.mn/page/newsmore/14933