БСШУСЯ нь 2013-2014, 2015-2016 оны соёл урлаг, спортын салбарын хэлэлцээрийн цалин хөлс, нийгмийн хамгаалалттай холбоотой заалтуудаа хэрэгжүүлээгүй. Мөн 2017-2018 оны салбарын хэлэлцээрийн завсарлага авснаас хойш элдэв шалтаг тоочиж, сайд дарга нар солигдож, хариуцлага хүлээх хүнгүй хагас жил гаруй болж байгаа нь соёл урлагийнхныг цалин нэмүүлэх тэмцэлд ороход хүргэжээ.
Иймд тус салбарынхан төрийн үйлчилгээний бусад ажиилтнуудтай хамтын тэмцэлд нэгдэж Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэхээр болсон байна.
Тэд 2018 оны нэгдүгээр сарын 01-ээс соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардлаа. Мөн энэ сарын 16-ны өдрийн 13.00 цагаас Монгол дахь ОУВС-ийн суурин төлөөлөгчийн газрын гадна талбайд цуглаан хийхээ мэдэгдэв. Харин дээрх мэдэгдлийн хариуг энэ сарын 20-ны дотор Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоонд ирүүлэхгүй бол энэ сарын 23-аас хугацаагүй ажил хаялтанд нэгдэхээ хэлсэн юм.
Өнөөдөр Соёл урлагийн ажилтнуудын дундаж цалин 563.4 мянган төгрөг байгаа нь
-2013 оны үеийн 100 хүртэлх ажиллагчидтай төсвийн байгууллагын ажилтнуудын дундаж цалингаас 65.9 мянган төгрөг буюу 10.5 хувиар,
-2016 оныхоос 168.1 мянган төгрөг буюу 23 хувиар, нэг яаманд харьяалагдаж байгаа шинжлэх ухааны ажилтнуудаас 153.2,
-Ерөнхий боловсролынхоос 153.8,
-Биеийн тамир спортынхоос 44.4,
-Мөн улсын дунджаас 389.6 мянган төгрөгөөр доогуур байгаа аж.