05.11

Осолдсон онгоцны хар хайрцгийг олжээ

Испанийн өмнөд этгээдийн Севилья хотын нисэх буудлын ойролцоо туршилтын нислэг үйлдэж байсан Эйрбус цэргийн зориулалттай тээврийн A400M онгоц сүйрч, дөрвөн хүн нас барсан осол өнгөрөгч бямба гарагт болжээ.

Тэгвэл ослоос нэг хоногийн дараа буюу өчигдөр Испанийн албаныхан сүйрсэн онгоцны хар хайрцгийг олсон байна. Сүйрсэн онгоц нь цэргийн зориулалттай ачааны онгоц бөгөөд ирэх сард Туркийн агаарын цэргийн нисэх хүчинд худалдахаар төлөвлөж байжээ.

Ослын эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа ч “ослын буулт хийх оролдлого хийж байхад нь цахилгааны утсанд гэмтэл гарч онгоц сүйрсэн” гэж албаныхан үзэж байгаа гэнэ. Ослоор онгоцонд сууж явсан  дөрвөн хүн нас барсанаас гадна хоёр хүн гэмтэн эмнэлэгт хүргэгджээ.  Ингэснээр Их Британи, Герман, Турк зэрэг улс ослын шалтгаан тодорхой болох хүртэл A400M онгоцыг түр хугацаанд ашиглахыг хориглоод байгаа юм байна.

Одоогоор нийт 12 ширхэг A400M онгоц ашиглагдаж буй бөгөөд Францад зургаа, Их Британи, Туркид тус бүр хоёр, Малайз, Германд тус тус нэг байдаг юм аж.