10.17

Бурхан ч атаархам

Намар өдийд Хөвсгөл нуур ямар байдаг бол гэсэн асуултыг өөртөө дахин дахин тавьж явлаа. Мөрөнгөөс Хатгал хүрэх зам дагуу айраг, хуушуур, утсан загас зарна гэсэн самбар үл харагдана. Хот айлын бараа ч нүдэнд торох нь үгүй. Адуу мал алс бэлчээртэй гарсан гэлтэй нэг л эзгүй. Энэ л замаар ирж, буцах олны урсгал ч голын ус шиг татарсан байна. Байсан бүхэн байхгүй болчихоор нэг л эл хуль оргино. Үүнийг дүүргэх зүйл гэвэл жуулчны бааз, малчны хороо л үе үе таарна. Тэндээс аргалын утаа үнэртэхгүй бас нохойн дуу ч гарахгүй. Шалтгаан нь, намар болсных гэж ойлгоно.
Халуун зунаар л Монголынхоо "Швейцар"-т хэдэнтээ ирж байснаас намрын дунд сар гаргаад ирж байсангүй. Үүнээс ч болсон уу эсвэл их усны барааг ийм хайлган цагаар хараад ч тэр үү, сэтгэлд баяртай мэдрэмж дийлнэ. Дөрвөн улирлын өөр нэгэн өнгө төрх энд биелэлээ олжээ. Намар хэдий ч цастай. Шинэ орсон цас нуурын эргээсээ эхэлнэ. Тэртээ дүнхийх Саяны нуруу, Хорьдол сарьдаг цасан дуулгаа хэдийнэ өмссөн агаад оргил тэргүүнд нь оройн наран ойх мэт гялбана. Нар жаргахаас хэдэн алдын өмнө Хөвсгөл нуурын хөвөө эрэгт зогсож байгаа минь энэ.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг тав дахь жилдээ эрэмбэлж гаргаад байна. Тус тайлангийн үр дүнд түшиглэсэн хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулга уулзалт Хөвсгөлийн Мөрөнд болов. Зургаан аймгийнхан дарга, цэрэгтэйгээ ирж оролцлоо. Цөм аялал жуулчлалаа хөгжүүлнэ гэж байна. Эдийн засгийн тэргүүлэх салбарынхаа нэг гэж тус салбарыг тодорхойлсон нь итгэл төрүүлнэ. Хангайн бүсийн зургаан аймагт үзэх, харах зүйл дэндүү их бий. Байгаа болгоноо дэлхийн зах зээлд биш юм гэхэд Зүүн Ази, Номхон далайн бүсэд гаргаж чадвал ам.доллар аяндаа цутгах байх. Заавал уул уурхай гэж хошуурах шаардлага уг нь байхгүй юм.
Саахалт айлын санаа нэг гэдэг болохоор аймгууд ганц ганцаараа бус бүсээрээ тулгамдаж буй сорилт, туулаад гарах боломжоо энэ удаад хэлэлцлээ. "Зангиа"-тай чуулга уулзалт сая өндөрлөж, зангиагүй буюу албан бус уулзалт руу хэвийсэн юм. Тархиа амраах завшаан гэж үүнийг зарим хүн олзуурхаж авсан байх. Бидний дунд Хөвсгөл нуурт анх удаа ирж байгаа хүн их олон байлаа. Тэдний санаа сэтгэл нуураа хараад ихэд хөгжүүн. Ийм байхаас ч аргагүй болов уу.
Сантын нуруу бас л "цагаан дээл"-ээ шуусан гэлтэй зулай нь цайрч, нарны өнгөтэй ой хөвч алтан шаргал эмжээр шиг гоо төрхөө гайхуулна. Бэлд нь гарын хуруу бээрч байгаа юм чинь тэр оройд гарвал хөлдөх байх гэсэн бодол төрнө. Гэтэл нуурын эрэг дагуу нутаглаж ирсэн Хатгалчууд энэ жил дулаахан байна гэх. Тэдний хувьд бээлий өмсөх цаг магадгүй өвлийн дунд сартай хамт ирэх бололтой. Хүн байгаа орчиндоо ижил дасал болж, цаг агаарт нь хүртэл уусдаг байнам.

Хөвсгөл нуурын зах хэсэг зарим газартаа сүрхий мөстөж. Ялангуяа, эрт сүүдэр буух булан тохой нимгэн мөсөөр өөрөө өөрийгөө хучсан байна. Нуурын усаар түрэгдэн үрэгдэх хайрга чулуу мөсөн чихэр шиг болж. Зунаас нааш хөдлөхгүй "Сүхбаатар" хөлөг онгоцоор зочиллоо. Юм болгон цаг цагаараа байдаггүй болохоор энд ч бас зуны зугаа цэнгэлтэй агшин зуун жилийн өмнөх шиг л одоо хол санагдахаар болжээ. Наадмын өдрүүдэд хүний хөл хөдөлгөөн үл тасардаг энэ хавьд амар амгалан жавартай хамт ноёлно.
Хоймор нутгийн чимэг нь болж, харийн хүн холхи газраас зүтгэн ирэх шалтгаан болдог Хөвсгөл нуур. Ирсэн хүн эргэж нэг очмоор цэнгэг усны цэвэр тунгалаг ай сав. Өмнөөс ирэх болор давалгааг нь ширтэн суухад сэтгэлд дараатай байсан бодол хөнгөрөх мэт. Нуурын эрэг хөвөөгөөр удаан гэгч нь алхлаа. Намар угаасаа ийм улирал хойно. Навчис шарлаж, өвсний толгой цантсан байна. Энэ улиралд дурлах шалтгаан мундахгүй их юм. Сэтгэл санаа бөмбөрөх аястай.

Намар орой нарны өнгө гундаж, илч нь саардаг. Тийм болохоор өглөө, үдэш жиндэж даарах нь бий. Нар жаргахтай зэрэгцээд галтай гэрээ бараадахгүй бол горьгүй гэсэн бодол эрхгүй төрнө. Тэр болтол нуурын захаар дураар нэг тэнэлээ. Уулын жавар нуурын жавартайгаа уулзаж, давалгаа ширүүснэ. Харин сарлаг гэдэг амьтан л тогтуун идээшилж яваа харагдана. Хүйтэнг хамгийн их тэсвэрлэж чаддаг таван хошуу малын нэг жаварлах тусам цастай цармаа зүглэдэг билээ. Хүйтнийг сөрөх дуртай энэ амьтан бас л сүрдэм сайхан.
Одод нуурын дээр чуулж, анир чимээгүй орчныг эзэлнэ. "Бурхан ч атаархам" тийм үдэш хэдийнэ ирсэн байна. Модны илч монгол гэрт хургасан хүйтэнг элдэн хөөнө. Гадаа цас чихрахтай зэрэгцээд хэн нэгэн ирэх хөлийн чимээ ойртож буй нь сонсогдоно. "Үүрээр даарах тул галаа тасалж болохгүй шүү" гэсээр тэвэр дүүрэн мод дөхүүлж өгөх нутгийн ах цасны баяр хүртэл хүний бараа хэсэгтээ ховорддог гэв. Холын хүн ирэх сайхан, хот газрын сонин дуулах бас амттай.
Тухалж саатсан "Дөл" жуулчны бааз 15 жилийн өмнө үүд хаалгаа нээжээ. Тэр цагаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Гэхдээ аялал жуулчлалын бизнес улирлын шинж чанартай болохоор удахгүй бусад шигээ хаалга үүдээ бэхлээд баазаасаа бууна гэж байна. Ирэх жилийн гурван сард болох цасны баяр хүртэл энд хэн ч ирэхгүй нь.
Нар жаргахтай уралдан буулгасан гар утасны зургаа эргэн үзэж, хөвөө эрэгт нь хонох атлаа Хөвсгөл далайгаа бахдаад ханашгүй билээ. Гадаа гарахад цэнгэг агаар цээж дүүргэх мэт болно. Жавартай хэдий ч зогсоод баймаар. Саргүй шөнө одод л орчлонд гэгээ болох мэт нуурыг дээрээс нь ажих мэт анивчина. Нуур нам гүмд ууссан байна. Унтах болсны тэмдэг энэ байх . Өглөө сэрэхэд нуур буцалсан ус шиг уур цан савсуулна. Нар дээшлэх тусам давалгаа нь эрчээ нэмж, уур манан агаарт тасран хөөрнө. Ийм байгааг нь харах ихэд сүрдэм.

Б.Баяртогтох
2017.10.15
Эх сурвалж: http://bayartogtokh.blogspot.com/2017/10/blog-post_35.html