Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Ширсэдийн Цэнд-Аюуштай ярилцлаа.
-Таны “Охь үгс” ном нийгмийг шуугиулж, эрдэмтэн мэргэд, бичгийн хүмүүсийн анхаарлыг татсаар ирсэн?
-Монголын алдартай зохиолч найрагч, эрдэмтэд ихээхэн үнэлж байгаад би урамшиж л явна. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав “Цэнд-Аюушийн ном он жилүүд зүрх сэтгэлийг нэвт сүлбэсэн мэргэн үгс” гэж тодорхойлсон бол манай утга зохиол шинжлэлийн тэргүүлэх эрдэмтэн Ч.Билэгсайхан агсан “Гүн санаа, уран хошигнол хосолсон уран зохиолын жинхэнэ охь шим болсон шилдэг бүтээл” хэмээн үнэлж байвь. Пунцагийн Рэнжин гуай “Айл бүхэнд байх учиртай ухаарал, гэгээрлийн ном” гэж цохон тэмдэглэсэн нь бий. Өнөөгийн нийгмийн байдал, бодол санааг тусгахыг зорьсон юм. Аль ч орны эрдэмтэн мэргэдийн бичсэн мэргэн оновчтой үг олон түмнийг ухааруулж, сэхээрүүлэхэд чиглэгдсэн байдаг. Афоризм гэх нэр томъёо оюуны соёлын ертөнцөд байраа эзэлж, олон улс үндэстний оюун ухааны сор болсон мэргэд ухаан билиг, авьяас чадвараа зориулсаар хэдэн зууныг ардаа орхисон. Уухаан цэлмэм, утга агуулга, уран сайхан нэгдэн зохицож чадсан тэдгээр үг өнөөдөр ч утга зохиолын ертөнцөд од шигтгээ болон гялалзсаар байна.
Мэргэн хураангуй үгс нь хүн төрөлхтөнд ёс суртахууны эрхэм дээд эрмэлзлийн үүднээс хэлэх санаагаа онож цэцэлж хэлж чадсан байдаг онцлогтой. XVII зууны Францын уран үгийн мастер Ларушфуко, Лабрюер нар энэ төрөлд үнэт хувь нэмэр оруулснаараа дээдсийн ертөнцийг нойрноос сэрээсэн гэж утга зохиолын түүхнээ тэмдэглэгдсэн. Афоризм хурц мэргэн санаа бодол, уран сайхан дүрслэл бүхий оюун ухаан, ур чадварын охь дээж болохынхоо хувьд ухааралд гэгээрэлд уриалан дуудсан шигшмэл товч үгс байх ёстой юм. Маш товчоор мэргэн санааг чухамхүү уран сайхнаар илэрхийлж хүний санаа сэтгэлд гойд нийцэж хоногшиж чадахуйц тийм л шигшмэл үгсийг манай өнөөгийн утга зохиолын түвшин шаардаж байна.
Сул үгс афоризм болдоггүй. Хэлэх гэсэн санаагаа уран сайнаар илэрхийлж, тодруулж хэлбэл, хошигнож, егөөдөж, шоглож, шүүмжилж, зохиогч санаагаа нууж, чадсан нөхцөлд сая афоризм амилан сэргэж, олон түмнийг ухааруулж, гэгээрүүлэх зорилгоо бүтээж чаддаг. Чимххэн ч гэсэн чинжүү л байх учиртай. Ер нь зохиолч хүн бол нийгмийн сэтгэлгээг гярхай нарийн мэдэрч түүнийг уран сайхны аргаар илэрхийлж гаргахыг эрмэлздэг хүмүүс. Дэлхий дахинд үе үеийн зохиолчид цөм л тухайн нийгэмдээ хандсан үг хэлж, нийгмийн болохгүй бүтэхгүй юмыг яаж засах вэ, жинхэнэ шударга ёс юу юм бэ, жинхэнэ үнэн юу юм бэ гэдэг талаар үгээ хэлсэн байдаг.
-Зохиолч уран бүтээлч хүн нийгмийг мэдрэхээс гадна эмзэглэл гэж нэг асуудал гарч ирнэ. Тэр эмзэглэлээс хүний зовлон жаргал уран бүтээлч хүний зүрхэн дундуур урсан гарч байж, уран бүтээл болон жаргал нь болдог болов уу. Та одоо ер нь юунд эмзэглэж байна?
-Эмзэглэлээс бүтээл төрөх эх үүсвэр гарч ирдэг л дээ. Эмзэглэлийг хий хөөрхийлөл юм уу, хоосон үгээр аргацаах байдлаар ойлгож болохгүй. Уран бүтээлч хүн эмзэглэлийн тухайд нэлээд зоримог үг хэлэх хэрэгтэй болдог. Аль ч үеийн том том хөдөлгөөн, хувьсал, өөрчлөлтүүд дандаа уран зохиолч, уран бүтээлч хүмүүсийн бүтээл туурвилаас санаа авч, тэрхүү хөдөлгөөний сүлд туг, бүрээ бөмбөр нь болсоор ирсэн. Үүнийг дэлхийн уран зохиолын түүх мэднэ. Ер нь зохиолч хүн шударга үнэнийг эрхэмлэн дээдэлдэг, эх орноо, олон түмнээ гэсэн сэтгэлийг урьтал болгож тэдний өмнөөс үгээ хэлдэг хүмүүс. Хэнд ч буруугүй халтар жаалуудыг харахад, биднийг өсгөж өндийлгөсөн ахмадуудын ядарсан царайг харахад ямар ч уран бүтээлч сэтгэл эмзэглэхгүй байх аргагүй юм.
Би өнөөдөр уран зохиолын тухай, онол, эрдэм номын тухай биш, улс төр нийгмийн амьдралын талаар санаж явдаг хоёр гурван зүйлийн талаар өгүүлэхийг хүсч байна.
-Бололгүй яах вэ. “Охь үгс” номонд манай өнөөгийн улс төр нийгмийн амьдралын гэм согогийг нэвт шувт мэдэрсэн уран оновчтой үг тун элбэг. Тэр бүгдээсээ дээжлэн сонирхуулаач?
-“Парламент бол эрх мэдэл, эд хөрөнгөнд шунагч их армийнхны дундах ганц таваг юм. Хэн хэл урттай нь долоож амждаг”. “Үнэн шударга ёс түүхийн музейд тавигдаад тун удаж байна”, “Худал, үнэний хальс нөмөрсөн байдаг”, “Төр засаг сульдах тусам цагдаагийн бороохой нь томордог”, “Мөнгөний барьцаанд орсон улс төр өндөг шиг хэврэг”, “Сул хөрөнгө сувдаг сэтгэлд түймэр асаана”, “Эрх мэдэлтнийг эд мөнгөний шунал гал руу хөтөлдөг”, “Улстөрчид урьдахаа муучилж тодордог. Энэ нь тэдний хувьд “гимнастик" юм”, “Маргаашийн нарыг эрт гаргана гэж амлаж чаддаг хүн улстөрч болдог”, “Хүн бялдуучийн дамжаа дүүргэхэд ухааныхаа тэн хагасыг гээж, үлдсэнийг нь хурцалдаг”, “Бусдаар тэжээлгэдэг хүний үг, шүд хоёр хурц байдаг”.
-Ингээд үргэлжлүүлээд байвал яваад л байх нь. Одоо танаас улс орны нийгэм цаг үеийн талаар байр суурийг тань сонсъё. Та бол хуучин соёлын яамны орлогч сайд гээд төрийн өндөр алба хашиж байсан хүн?
-Манайд засаг төрийн хямрал бүр системийн чанартай болоод байна. Одоо аль ч нам, ямар ч хүн гарч ирсэн энэ хямралыг даван туулахад бэрх юм. Тийм болохоор бид эрс шинэчлэл, зоримог өөрчлөлт хийх хэрэгтэй.Миний эргэцүүлэн бодож байгаагаар юуны түрүүнд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах талаар бүх ард түмний санал асуулга явуулж буй нь зүйтэй. Миний төсөөлж байгаагаар Монголд хоёр шатны парламент байх ёстой санагдана. Улсын бага хурал гэж нэг шат нь байя гэж бодоход аймаг (муж), хот, Улаанбаатар хотын дүүргээс нийтдээ 51 хүнээс хэтрэхгүй баймаар. Улсын бага хурал одоогийн УИХ-ын зарим гол ажил тухайлбал хууль тогтоох, түүний биелэлтийг хянах ажлыг эрхлэн гүйцэтгэж байх ёстой. Хоёр дахь шат болгож орон тооны бусаар Ардын их хурал байх хэрэгтэй гэж бодож байна. Ардын Их Хурал нь улсын бага хурлын 51 гишүүн, сул 42 гишүүн, нийтдээ одоогийн 93 хүнтэй байхад болно. Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь нэг хүн байх хэрэгтэй байна. Ардын их хурал, Улсын бага хурал, Засгийн газрыг байгуулах, бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлон тогтоож, тэдгээрийн ажилд үнэлгээ дүгнэлт өгдөг байгаасай. Улсын төсвийн гүйцэтгэлийг хянан хэлэлцэж, батлах үүргийг хүлээдэг болбол сайнсан. Ардын их хурал стратегийн онцгой ач холбогдолтой орд газруудыг ашиглах гэрээ хэлэлцээрийг хянан зөвшөөрөл өгч байхыг нэг чухал үүргээ болговол зүйтэй санагдана.Мөн ард олны санал бодлыг судалсны үндсэн дээр улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг, тодорхой хугацаанд Ерөнхийлөгчийн болон Улсын бага хурал, Засгийн газрын тайланг сонсон үнэлэлт дүгнэлт өгч байвал зохистой.Ардын их хурал, Улсын бага хурлыг сонгох, Засгийн газрыг бүрдүүлэхэд орон нутгийн харьяаллын зэрэгцээгээр улс, ардын аж ахуйн томоохон салбарын төлөөллийг оролцуулан бүрдүүлдэг журамд шилжиж, тэдгээрийн ажил мэргэжлийн чадавхийг эрс дээшлүүлэх хэрэгтэй байгаа юм. Улс төрийн албан тушаал гэх нэрийдлээр тухайн салбарын А-гүй хүн сонгуулийн хишиг хүртэн яам газрыг удирдаж байхад улсын ажил яаж урагшлах вэ дээ.
-Та ч номондоо энэ талаар тун яггүй үг хэлсэн байна лээ шүү ...
-Юу гэж?
-Дунд сургууль төгссөн хүнийг их сургуульд багшлуулж байгаа нь сонгуульд ялсан намын ид хав мөн гээд л.
-Энэ арчаагүй байдлаас хэрхэн гарах вэ, улс төрийн системийн хямралыг хэрхэн засч залруулах вэ гэдэгг хүн бүхэн анхаарлаа хандуулах цаг аль хэдийнэ иржээ.
Одоо бол намын шугамаар сонгуулийн хэрэг өрнөж байна. Гурван сая хүнд гучин нам байгаад ч, гурван зуун нам байгаад ч нэмэргүй гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Дэлхийн олон оронд сонгуулийн хэргийг намын шугамаар өрнүүлж төр засгийн эрх эдлүүлдэг практик нэгэнт тогтсоныг та бид цөм сайн мэднэ. Ер нь сонгуулийн үеэрх “согтуу” намуудын амлалтаас хүн төрөлхтөн залхаж байна шүү дээ. Монгол бол хүн ам цөөн, бараг бие биеэ таньж мэдэх шахам байдаг, эрээвэр хураавар үндэстний биш цэвэр унаган ард түмэн болохоор монгол ухаанаар төр засгаа эмхлэн төвхнүүлдэг шинэ зам шинэ журмыг сонгоход болохгүй юм даанч үгүй сэн. Монгол эрдэмтэн хүн 400-гаад жилийн тэртээ нам гэдэг ухагдахууныг тодорхойлчихсон байдаг л даа. Монгол ухаанаар Монгол Улс өөрийн зам мөрийг гаргасан байхад хэн биднийг буруутгах билээ. Өнөөдөр нам, сонгууль гэдэг нэрийн дор бэл бэнчинтэй хүн л сонгогдох эрхээ эдэлж байна. Өдий төдий сая төгрөг намдаа өгсөн хүн л нэр дэвших, томоохон албан тушаалд очих эрхтэй мэт дундад зууны гэмээр балар бүдүүлэг ойлголт манайд газар авснаас мэдлэг чадвартай, үнэнч шударга, ажил хэрэгч хүн төр засгийн өндөр албанд очих зам мөр нэгэнт хаагдчихсан байна шүү дээ. Сүүлийн үед намуудын жагсаалтаар парламентийн гишүүн болно гэсэн гажигтай үг сонсогдох боллоо. Энэ нь чухамдаа шаварт ойчсон хүн “нам минь намайг авраач, мөнгө өгнө шүү” гэж орилон сарвалзаж байгаа хэрэг л дээ.
-Та “Улс төр бол бэлтэй хүмүүсийн цугладаг ресторан юм” гэж айхтар онож хэлсэн байна лээ?
-Тиймээ, улс төр бол бэлтнүүдийн очдог ресторан юм.Бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын үүрэг зорилтыг эрс өндөржүүлж, удирдлага судалгааны байгууллага болгон ажиллуулж,аль ч шатны сонгуульд иргэдийн жинхэнэ идэвхитэй оролцоог өрнүүлэх шаардлагатай байна.Үнэхээр бид иргэний ардчилсан нийгэм байгуулах л гэж байгаа бол ард олонд эрхийг нь өгч, хариуцлага үүргийг нь жинхэнэ ёсоор эдлүүлэх хэрэгтэй байна. Баг хорооны нийтийн хурлаас эхлээд сум, аймаг, Улсын бага хурал, Ардын их хурал, Засгийн газрын гишүүд иргэдээс нэр дэвшүүлсэн хүнийг шат бүхэнд шүүн шалгаруулж, олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэдэг журамд шилжвэл сая төр засгийн ажилд иргэдийн оролцох оролцоо идэвхи хариуцлага шинэ шатанд гарах болно. Олон түмэн хэн мэдлэг чадвар, дадлага туршлагатай, үнэнч шударга, хэн цаашид сайн өсч хөгжиж чадах вэ гэдгийг сайн мэдэж, жинхэнэ ажил хэрэгч, мэдлэг чадалтай шулуун шударга хүнээ олж сонгож чадна шүү дээ.Сумаар жишээлэхэд сургуулийн захирал, ерөнхий эмч, шүүх цагдаагийн хүнээ хэнээр ажиллуулах вэ гэдгийг ард нийтийн саналаар шийдэж дээд шатны байгууллага нь ёсчлон баталгаажуулдаг болбол бүх шатны байгууллагын ажил үйлчилгээ иргэд рүүгээ нүүрээ харуулж, эрс сайжрах болно.Аймаг улс, яам салбарын хэмжээнд ч энэ журмыг тогтоомоор байгаа юм. Олон түмэн хэнийг хаана ажиллуулахаа хэнээр ч заалгахгүй мэдэж шийдэж чадна шүү дээ.Баг хорооноос авахуулаад Ардын их хурал, Улсын бага хурал, Засгийн газар хүртэл жинхэнэ иргэдийн төлөөлөгчдийн идэвхтэй оролцоо саналаар эмхлэн байгуулагддаг болж чадвал төр засагт итгэх түмний итгэл үнэхээр сэргэж, улс орны ажил үйлс өөдлөн дэвжих болно. Бидний улиг болтлоо ярьдаг авилгал, хүнд суртал гээч юм хийсэн алга болно. Ард олны эв нэгдэл жинхэнэ ёсоор нягтрах болно.
-Бидний амьдарч байгаа нийгмийн галт тэрэг маань хаашаа явж байна вэ, энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Галт тэрэг явж байгаа. Намуудын хийсэн эрэг шураг нь таарахгүй үе үе тар няр хийгээд зогсчихно. Ийм байдлаар бол хоногийн газрыг сар, сарын газрыг жил явж хүрэх бололтой дог оо. Намуудын бус иргэдийн сонголтоор галт тэрэг явах юм бол тэр зам бартаатай байна уу, шулуун дардан байна уу, өөд байна уу, уруу байна уу тэр бүхнийг үл анзааран ганцхан замаар тууштай явж зорьсон газраа дорхноо хүрэх болно.
-Таны энэ бодлыг төр засгийн удирдлагууд хэрхэн хүлээж авах бол?
-Миний энэ санал бол аль нэгэн нам, анги бүлэг, хөдөлгөөний төлөөллийн санал биш. Миний дэвшүүлж байгаа бодол санал. Ард түмнээс санал асуулга авч буй энэ үед миний саналыг хүлээн зөвшөөрч дэмжих байх. Өөр гарц, зам бидэнд алга байна шүү дээ. Улс орноо, ард түмнээ хойч үеэ боддог ухаантай улсууд олон байгаа. Тэд дэмжих нь эргэлзээгүй. Харин намын шугамаар зөөлөн суудалд сууж, ашиг завшаан хайж байгаа хүмүүст бол тун эвгүй сонсогдож байгаа болов уу. Энэ номонд “Улс төр хүнийг заавал согтоодог” гэж бий. Тэр мансууралдаа хэт автчихсан, гадны хууль дүрмийн хуулбарыг бурхны зарлиг, ертөнцийн жам ёс гэж үздэг хүмүүст харь гаригийнхны мэт санал сонсогдож байж магадгүй. Үүнийг шийдэх хүн нь хэн нэгэн ухаантан биш, эрх мэдэлтэн ч биш, үүнийг жинхэнэ ард түмэн л шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ санал бол ард түмний тусын тулд эх орны тусын тулд, үр хойчийн замыг гэгээн гэрэлтэй байлгахын төлөө гэсэн санал юм.
-Зохиолч хүн зохиолоо л бичиж байвал болоо гэдэг. Улс төрийг сонирхох улс төрийг мэдэрч үзэл бодлоо илэрхийлэх энэ хоёрын хооронд нэлээн ялгаа байх шиг...?
-Мэдээжийн хэрэг нийгэмд аль болохоор тус болох юмсан, олон түмэн шинэ гарц олоосой гэсэндээ би энэ саналуудыг хэлж байгаа юм. Улс төр хүн бүхнийг оролдож байдаг саваагүй хирнээ сагсуу зантай гэж номонд минь бий. Ер нь зохиолч хүн нийгмийн сэтгэлгээг соргог харгалзаж үздэг болохоор тэдний дуу хоолой зохих түвшинд байхыг үгүйсгэхийн аргагүй. Л.Толстойг амьд сэрүүн байхад Оросын болоод гадаадын хэвлэл Орос оронд хоёр хаан байна гэж байсан. Энэн нь хааны хажуугаар үзэл суртлын хаан Л.Толстой байна гэсэн үг юм.Нийгмийг хамгийн их шоглож бичдэг Иван Крылов гэдэг зохилч байдаг. Крылов бол ёгт үлгэрийн их мастер. Өөрөөр хэлбэл нийгмийн болохгүй байгаа бүх юмыг ёгт үлгэрийн хэлбэрээр шүүмжилж бичдэг хүн байсан. Гэхдээ тэр Ерөнхий сайдын багш, зөвлөх байсан. Тэр хүн нийгмээ хурц шүүмжилж, сэтгэлээ зовоож байлаа ч гэсэн чадах ядахаараа нийгэм улсын ажилд оролцож тус болж байсан. Ийм жишээ дэлхийд олон бий. Үнэхээр нийгмийнхээ төлөө улс төрд оролцож байна уу, аль эсвэл алдар нэр олох, хувийн ашиг завшаан хайж улс төрд орох гэж яваа юу гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
-Таны номонд томчууд гэнэн бага насаа хайрлан дурсамтгай, түүнийгээ сонгуулийн үеэр л гаргадаг. Монгол “Дэлхийн аварга ардчилсан улс”. Шалгуур нь жил болгон түрийвчээ сэгсрэн хийдэг сонгуулиар нь үүнийг төвөггүй баталж болно гэсэн үг бий?
-Тиймээ, сонгогчид элдэв худал амлалтанд хүүхэд шиг бүү хуурт, ухаалаг сонголт хийж байгаач гэдгийг сануулж л бичсэн юм. Орон нутгийн сонгууль, Их хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль гээд жил болгон шахам сонгууль явуулж, асар их мөнгийг хий дэмий цацаж байгаад харуусах юм. Хэдэн арван үйлдвэр байгуулах мөнгийг салхинд л хийсгэж байгаа хэрэг. Ер нь бүх шатны сонгуулийг зургаан жилийн зайтайгаар нэг дор явуулж баймаар байна. Сонгогдсон томилогдсон хүний ажлын үр дүн тайланг гурван жил тутам сонсож шаардлага хангаагүй хүнийг огцруулдаг, орны хүнийг тойргийнхоо хэмжээнд сонгож томилдог хууль журамтай болох хэрэгтэй юм. Хүн их ухаантай. Гэхдээ улс төр дээр очоод л гацчихдаг. Бид иргэний ардчилсан нийгмийг жинхэнэ ёсоор иргэдийн сонголтоор байгуулж чадвал гадаадын улс төрчдийн цуваа тасрахгүй ээ. Атаархам бөөн туршлага л болно доо.
Дагестаны алдарт зохиолч Расул Гамзатов улстөрчдийг “Цөмөөрөө найрал дуучид” гэж хэлсэн. Түүн шиг Монголын улстөрчид бүгдээрээ л найрал дуучид байна, гоцлон дуулагч алга.
-Ярилцсанд баярлалаа.