10.20

У.Баярсайхан: Намар

Салхины аясаар лимбэдсэн зэгсний эгшиг намуухан
Санааныхаа зоргоор эрхэлмээр уул, нутаг минь амгалан
Сүүтэй бурхан ижийгээсээ өөр шүтэх нэгэн үгүй еэ

Сөл дагаж буух айлын нүүдэл аядуухан
Сэтгэлийн наранд дулаацсан гэрэл бодлууд хөвөлзсөн
Сэлүүхэн талдаа санааширч, энгэрээ задгайлмаар эх орон минь

Хэзээ би таниасаа хагацах болдоо гэхээс
Хэсээд л баймаар замыг сонгодог ч юм бил үү дээ
Уул уулсынхаа дундаа ханхайж л суугаа аавын минь

Урт гаансны хаш соруул шиг үүлс нүүгээд байна аа
Намайг аргаддаг цэцэгс нь өвдөг зөллөж зуларна
Найран дундаа халамцсан намрын улирал энэ үү дээ

2016.09.27