Тавантолгойг "өмчлөх"-ийн төлөөх талцал дээд цэгтээ хүрээд байна. Үндсэн хуульд "Газар дорхи баялаг Монголын ард түмний өмч байна" гэсэн утгатай заалт байдаг ч "Хоёр толгой"-н тухай сэдэв улс төр, бизнес дэх бүлэглэлүүдийн дунд байнга л дажин дэгдээж байдаг.
"Монголын тал "Рио Тинто"-той энэ долоо хоногт эцсийн тохиролцоогоо хийнэ" гэсэн мэдээлэл байгаа бол Тавантолгой төслийг гацаасан хэвээр байна.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар М.Энхсайхан болон ММС компанийн эсрэг байр суурьтай хэвээр байна.
Тавантолгой төсөл ийнхүү талцлын гол шалтгаан болчихоод байгаа үед "Эрдэнэс Тавантолгой" төрийн өмчит компанийн удирдлагын тухай асуудал анхаарал татах болов. МАН-ыг эрх баригч байхад энэ компанийг Б.Энэбиш гэдэг эрхэм удирдаж байлаа.
Харин нэг их удалгүй "Идсэн, уусан"-аараа дуудуулаад Австралид төвхнөсөн. Дараа нь УИХ-ын гишүүн асан, Н.Алтанхуягийн фракцийн Я.Батсуурь "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал болсон ч Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнд 4.6 тэрбум төгрөгийг төрийн өмчит компанийн данснаас гаргаж өгсөн гэх үндэслэлээр хоригдсон гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарсан билээ.
Гэсэн хэдий ч тэрбээр намынхандаа захидал бичиж, Ганцхудагаас батлан даалтад гарсныхаа дараа УИХ дахь АН-ын бүлгийнхэнд Тавантолгойн талаар мэдээлэл хийсэн нь олныг гайхшруулсан. Энэ үзэгдлийн дараахан хэвлэлүүдээр "Я.Батсуурь хуучин албандаа дахин томилогдох нь. Ерөөсөө энэ хүнийг Тавантолгойд шунасан нөхөд захиалгаар хориулсан юм билээ" гэх зорилготой, үгүй нь мэдэгдэхгүй мэдээлэл цацагдаж байлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Ч.Сайнбилэгийг түүнийг хоригдож байхад нь томилсон ч мань эр "Я.Батсуурь л энэ ажлыг сайн хийж чадна" гээд шинэ ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэвч түүний хэлснээр асуудал шийдэгдсэнгүй.
УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Батбилэг тус компанийг удирдахаар болжээ. Чингэлтэй дүүрэгт ИЗНН-аас нэр дэвшин сонгуульд өрсөлдөж байсан түүнийг Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын ордтой холбон нэг хэсэг бичиж байсан. Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой"-н удирдлагын багт ажиллаж байсан тэрбээр гүйцэтгэх захирлын суудалд дэвшихээр болсон аж.
Ж.Гал