10.27

АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Ж.Гаалтыг хүлээн авч уулзлаа.

Шадар сайдын хувиар Элчин сайд Ж.Гаалттай нягт хамтран ажиллаж байсандаа сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байна гэв.

Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахыг АНУ тууштай дэмжиж, шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлж, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө байна гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх нотлов.

Бүрэн эрхийн 2.5 жилийн хугацаанд улсаа хүнс экспортлогч орон болох суурийг тавих, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг олон асуудлыг шийдэхийг зорьж байгаа бөгөөд АНУ-ын тал дэмжиж байгаад талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд Ж.Гаалт баяр хүргээд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын мэндчилгээг гардууллаа.

Өнгөрсөн хугацаанд АНУ нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бол одоо эдийн засгийн хамтын ажиллагаанд голлон анхаарч байгааг Элчин сайд тэмдэглэв.

Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь Монгол Улс эдийн засгаа сэргээн тогтворжуулах, өсгөх боломж гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаад Элчин сайд талархаад цаашид инженерийн ротын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэв. Мөн Улаанбаатар хотын усан хангамжийн системийг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд АНУ хамтран  ажиллана гэлээ.