Цахим мөнгөний эрин үед бид амьдарч байна. Цаасан мөнгөний өрсөлдөгч шинэ мянганд хүчээ авч, даян дэлхий нийтийн хэрэглээ болох нь. Өдөр ирэх тусам эрэлт, хэрэгцээ нь өсөн нэмэгдэж байна. Тэгвэл цахим "зоос" тойрсон үнэн, худал нь үл олдох мэдээлэл хөвөрч байгаа энэ үед иргэдэд мэдлэг олгох, мэдээлэл болж тархи "цэнэглэх" нэгэн ном цагаа олж мэндэллээ. Энэ бол "Цахим алт".
Ашиг, эрсдэл, алдах, онохын завсарт яваа зах зээлийн чөлөөт талбарт цаасан дэвсгэртийн засаглалыг ганхуулах цахим мөнгө хүмүүсийн сонирхол, ихийг олох хүслийг нь улам өрдөж байна. Хөгжлийн ололт, дөрөв дэх аж үйлдвэрийн хувьсгалын босгон дээр интернет технологийг дагаад бүхий л салбар хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэх боллоо.
Цахим хувьсгалын нэг илрэл нь мөнгө санхүүгийн салбарт гарч ирсэн нь криптовалют. Бидний амьдралд биткойн тэргүүтэй цахим мөнгө хүч түрэн орж ирлээ. Энэ нь зөвхөн Монголоор зогсохгүй. Бидний дийлэнх нь цахим мөнгө гэж ярих нь битгий хэл, сонсож амжаагүй байхад л хөгжингүй орны зах зээлд хэдийнэ эргэлтэд орж, төд удалгүй зарим үйлчилгээний байгууллагын төлбөр тооцооны хэрэгсэл болчихлоо.
Харин өдгөө хөгжиж буй орны иргэдэд хүрч, хол ойрын зааг ялгаа арилж байна. Үүнд, "Цахим алт" номны оройлох үүрэг онцгой төдийгүй олон хүн энэ номноос цэгцтэй ойлголт авна гэж найдна. Цаг хугацааны үнэ цэнэ, зах зээлийн төлөв тэр болгонд цахим мөнгөний "Цагаан толгой" хэрэг болох нь дамжиггүй.
Монгол хүн болгонд ижил тэгш боломж олгоход Ард санхүүгийн нэгдэл голлох үүрэг гүйцэтгэжээ. Хөрс үржил шим сайтай байснаар ургац арвин байдаг. Түүнтэй адил биткойн гэж чухам юу болох, хэрхэн үүссэн, яаж хөгжсөн гээд мэдэхгүй, мэдэхийг хүссэн зүйлийнхээ хариултыг эл номноос авах боломжтой боллоо. "Ард"-ын залуусын хоёр дахь бүтээл ийнхүү уншигчдын гарт хүрч байна. Хэрэв та биткойн сонирхож байгаа бол уг бүтээлтэй танилцаад үзэхэд лав буруудахгүй байх. Цахим мөнгөний зах зээлийг бүхэлд нь зураглахад "хөтөч"-ийн үүрэг их чухал.