02.23

Төрийн байгууллагуудыг том оврын автомашин хэрэглэхийг зогсоов

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од  нартай уулзаж,  үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу төрийн өмчит 757 байгууллагад  автомашины ашиглалтын талаар судалгаа хийжээ. Эдгээр байгууллагад 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жип машин байна. Судалгаанд хамрагдсан байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь хот доторх үйлчилгээнд 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун хэрэглэдэг суудлын автомашин ашиглахыг хориглосон Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгааг Төрийн өмчийн хорооны дарга хэлсэн.

Тиймээс  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож,  зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооны даргад үүрэг болголоо.  Мөн  Үндэсний аудитийн газраас гаргасан зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гэх 222 автомашины судалгааг гарган, “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг бэлтгэн 3 дугаар сарын 17-ны  Засгийн газрын хуралдаанд оруулахыг  даалгасан байна.

П.ТУУЛ