
Монгол, Японы балетчдын хамтарсан “Хязгаараас ангид” тоглолт энэ сарын 18-нд “Корпорэит”-д болох гэж буй билээ. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад уран бүтээлчид хэрхэн хариулсныг сонирхуулъя.
Балетмейстер Жо Фүнаки:
-“Сонгодог балетчдаар орчин үеийн балетын хүнд элементүүд хийлгэхэд балетчдын бие хаа, булчин шөрмөсөнд өөрчлөлт ороод, буцаж хэвийн байдалдаа ороход хэцүү байхгүй юу” гэж асууж байна. Яах ч үгүй. Хэрвээ модерн бүжиг хийгээд бие организм, булчинд өөрчлөлт ороод ажлаа хийж чадахгүйд хүрвэл тэр балетчин биш. Балетчин л бол ямар ч төрлөөр ямар ч хөдөлгөөн хийж чадах ёстой.
“Хязгаараас ангид” гэдэг нэрэнд учир бий. Хөдөлгөөн хязгаарлахгүйгээр эрх чөлөөтэй бүжиглэх гэсэн ойлголт бий. Мөн нөгөө талаар тухайлбал би бүжиглэж байхдаа өөрийн минь дотоодод эрэгтэй хүний зэрэгцээ бас нэг эмэгтэй хүн давхар байгаа юм шиг, тэр эмэгтэй бас бүжиглээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэгэхээр мэдрэмжид хязгаар байхгүй, түүнийг балетын, хөдөлгөөний урлагаар дамжуулан гаргаж бусадтай хуваалцаж мэргэжлийн хувьд таашаал авах тухай ойлголт бас энд байгаа юм.
Балетын гоцлооч А.Хангай:
-Тоглолтын эхний хэсэг найман бүжиг бүхий цоморлиг байх юм. Бүжиг дэглээч, Герман улсын иргэн орос балетмейстер С.Ванаев, бидний анд нөхөр балетмейтмейстер Г.Лхагва агсан, мөн бүжиг дэглээч, гавьяат жүжигчин Д.Баярбаатар болон бүжиг дэглээч Б.Одбаяр нарын дэглэсэн модерн бүжгүүдийг хийх юм. Бүжиг бүр өөр өөрийн онцлогтой. Тоглолтын хоёр дахь хэсэг нь балетмейстер Жо Фүнакийн дэглэсэн “Хязгаараас ангид” балет байх юм. Мэдэж сурнаасаа Монголынхоо үзэгчдэд үзүүлэх боломж олдож байгаад, Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд боломж олгосон бүхий л байгууллага, хүмүүст талархаж байна.
Балетын гоцлооч, Японы “К-ballet” компанийн мэргэжлийн балетын багш Б.Батболд:
-Бидний энэ тоглолтыг урлагийн бүхий л байгууллагынхан, ялангуяа орчин үеийн балет, бүжгийн уран бүтээлчид, оюутнууд ирж үзээсэй гэж бодож байна. Энэ нь хэдийгээр нэг удаа болох тоглолт ч гэлээ шинэ мэдээлэл, мэдлэг байж чадна. Тийм болохоор бэлэн ийм боломжийг бүү алдаасай.
Балетын гоцлооч О.Лхагвасүрэн:
-Японы “Асами Маки” балетын компанид ажиллаад 10 жил болж байна. Тус улсад очсоноосоо хойш хоёр жилийн дараа энд ажилд орсон. Одоо тэргүүлэх зэрэглэлийн гоцлооч. Сонгодог, орчин үеийн аль аль чиглэлээр бүжиглэдэг. Жааз стилийн уран бүтээлд ч оролцох хэрэг гардаг. Эх орондоо ирээд сайхан байна.
Балетын гоцлооч Саяака Ябута:
-Би Америк, Германд ажиллаж байхдаа ямар бүжиг хийж байсан, түүнийгээ үзүүлэхийг хүссэн. Өмнө нь ажиллаж байсан театрынхаа уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Монголын Дуурь бүжгийн эрдмийн театр залуу балетчидтай болжээ. Энэ нөөцөд тулгуурлаж маш олон төрлийн бүтээл хийх боломж байна. Балетчид ч гэсэн юу хүссэнээ хийх боломжтой. Театрын ирээдүй сайхан харагдаж байна.
Балетын туслах найруулагч, балетын гоцлооч Ю Такаяма:
-Бүжиглэх чадвар, техник, мөн технологийн хувьд ч үзүүлэх юмтай тоглолт болно. Монголд ирсэндээ баяртай байна. Төсөөлж байснаас өөр орон юм. Маш уудам тал, түүгээр дүүрэн мал харна гэж бодож ирсэн. Гэтэл хот, хөдөлгөөн, машин, хүн, замын бөглөө харж байна (инээв).Хүмүүс нь таалагдаж байна. Нэг анзаарсан юм бол Монголд машин нь малаасаа олон юм шиг байна.
“Хязгаараас ангид” тоглолтыг гурав хоногийн дараа үзэгчдэд хүргэх гэж буй балетчид, дэглээч, найруулагч залуус ийнхүү ярьж байна. Тэд аливаад сэтгэлээрээ, бүхий л зүйлд хариуцлагатай, бие биедээ хүндэтгэлтэй, зүгээр л байгаагаараа эерэг сайхан энерги мэдрүүлж байдаг нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай уран бүтээлчид. Тэдний хэн нь монгол, хэн нь япон байх сонин биш. Гагцхүү тэд балетчид. Сонгодог, ч модерныг ч тултал бүжиглэдэг аасууд.
Балет, хүсэл, мэдрэмж, сэтгэл ханамж. Гайхамшигтай тоглолт хүлээж байна даа.
Р.Оюунжаргал

