Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 87 чиглэлд 937 автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дундажаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна.
Замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан автобус хоорондын интервал холдож, хүлээлгийн хугацаа нэмэгдэх, тээврийн хэрэгслүүд нэг зогсоолд давхцан ирэх зэрэг хүндэрлүүд гарч байгаа юм. Ингэснээр батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж нийтийн тээврийн үйлчилгээний зардал нэмэгдэх зэрэг тулгамдсан асуудал үүсээд байна.
Иймд нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, ачаалал ихтэй үед үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ачаалал ихтэй зогсоолуудын ачаалалыг бууруулах чиглэлээр дараах зохицуулалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн тодорхой ажлуудыг эхлүүлээд байна.
Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Өнөөдрийн зохицуулалтаар оройдоо нэмэлтээр 99 автобусыг үйлчилгээнд гаргаж байна. Тухайн автобуснуудыг иргэдийн зорчигч урсгалтай нийцүүлэн хамгийн их ачаалалтай газруудад гаргаж байгаа. Иргэд нийтийн тээврээр зорчихдоо картаар үйлчлүүлж байгаатай холбогдуулан аль чиглэлд, хэдэн хүн, хэдэн цагийн үед явж байна гэсэн тоон судалгаа бүрэн гарч ирж байгаа юм. Энэ судалгаан дээр үндэслэн төлөвлөлтүүдийг хийгээд явж байна. Мөн 20 гаруй чиглэлд автобуснуудын өглөө гарах цагийг 5-10 минутаар урагшлуулах, орой 22:00-23:00 цаг хүртэл сунгах ажлуудыг хийгээд байна” хэмээн ярилаа.
Өглөөний оргил ачаалалын үед:
Нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй дундын зогсоолуудын ачааллыг бууруулж иргэдийн зорчих эрэлтийг ханган ажиллах үүднээс холбогдох судалгааг хийж, өглөөний пик цагуудад ажлын өдрүүдэд өглөөний 07:25-07:40 цагийн хооронд хотын захын ачаалал ихтэй таван цэгээс /Саппоро, 3-р эмнэлэг, 10-р хороолол, 25-р эмийн сан, 7-н буудал/ зургаан чиглэлд тус бүр нэг автобус явуулах төлөвлөлтийг хийж, үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна.