Хөдөлмөрийн сайд С.Чинзориг “Хөдөлмөрийн яам болон хамтран ажилладаг байгууллагуудаас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй зээлийн болон батлан даалтын үйл ажиллагаа, өөрөө өөртөө ажлын байр бий болгох иргэдийн санал санаачилгыг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн хамт иргэдийн саналыг сонсч, харилцан ярилцахаар та бүгдийг урьсан юм” хэмээн уулзалтынхаа эхэнд онцолсон. Тэрбээр хэлсэн үгэндээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх, үйлдвэрлэл дээр дадлагажуулан сургах, ажлын байранд зуучлах арга хэмжээг түлхүү зохион байгуулж байгаагаа дуулгаад “Хөдөлмөрийн туршлагатай, ур чадвар, мэргэжил бүхий 35-аас дээш насныхныг өөрөө өөртөө ажлын байр бий болгох, тогтвортой үйл ажиллагаа явуулж орлоготой байх, ажлын байраа хадгалахад нь санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлэхэд илүүтэй анхаарч байна. Энэ хүрээнд бид цөөнгүй ажлыг хийж хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдэд жилийн 10,2 хувийн хүүтэйгээр 10 хүртэл сая төгрөгийн зээл олгож байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр иргэд болон аж ахуйн нэгжид 10-аас илүүгүй хувийн хүүтэй 30 хүртэл сая төгрөгийн зээл олгох журмыг шинэчлэн батлууллаа.Мөн зээл авахад та бүхэнд хамгийн ихээр тулгамддаг барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, Төрийн банкаар дамжуулан ХЭДС-гаас олгодог бүхий л төрлийн жижиг зээлийн 80 хувьд батлан даалт гаргадаг болсон. Батлан даалт гаргах ажиллагаа энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн гэдгийг дуулгахад таатай байна” хэмээн хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүст хэрэгтэй мэдээлэл чамгүй ихийг өгсөн юм.
Хувиараа хөдөлмөр эрхлэх, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд өөрөө өөртөө ажлын байр бий болгож буй иргэнд хоёр жилийн хугацаанд 50 хувийг нь эргэн төлөх нөхцөлтэй гурван сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг буцалтгүйгээр олгож байгаа.Ийм дэмжлэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч олгож буйг танилцуулсан.
Өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд 2,9 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ онд 6,1 тэрбумыг төсөвлөсөн. Хэдийгээр ХЭДС-гийн нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн жил 87,4 тэрбум байсныг энэ онд 80,3 тэрбум болж бууруулсан ч ажлын байр шинээр бий болгох, ажлын байрыг хадгалахад зориулах хөрөнгийн хэмжээг багасгахгүй гэсэн чиглэл барьж байгаа аж.
Мөн энэ жилээс нэгэн шинэлэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэр гарсан талаар уулзалтын үеэр ярьж байлаа.Энэ нь иргэдэд боловсруулсан төслөө бодитой болгоход нь шаардлагатай мэдлэг олгох, аж ахуй эрхлэлтийн сургалт явуулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь борлуулах цэг гаргаж өгөх, ажлын байрны түрээсийн төлбөрт үзүүлэх хөнгөлөлтийн дэмжлэг зэрэг цогц арга хэмжээг зохион байгуулах тухай юм байна.
Уулзалтад оролцогсдод зориулж 2015 онд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих чиглэлд хийх ажил хийгээд хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаарх мэдээллийг Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Амартөгс хийсэн бол ХЭДС-гийн жижиг зээл олгох, түүнийг батлан даах үйл ажиллагаа, Азийн хөгжлийн банкны Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээлийн талаарх танилцуулгыг Монголбанк, Төрийн банк болон НҮБ-ын Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн ажилтнууд өглөө.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ борлуулалтад дэмжлэг хүсэв
Дээрх мэдээллүүдийн дараа уулзалтад ирсэн хүмүүс Хөдөлмөрийн сайд С.Чинзоригт болон бусад албаны хүмүүсээс сонирхсон зүйлээ асууж тодруулахын хамт хувиараа хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлуудынхаа талаар санал бодлоо хуваалцсан юм.
Тэд Хөдөлмөрийн сайдыг цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлсэн.Хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн хувьд тулгамдаж буй хамгийн том асуудал нь хийсэн бүтээгдэхүүнээ борлуулах аж.Худалдааны төв, дэлгүүрээр дамжуулахад өндөр хувь авдаг учир ашиг гэж зүйл бараг үлддэггүй, өөрсдөө худалдах гэхээр түрээс өндөр учраас алдагдалд орчих гээд байдаг тухайгаа учирлаж, энэ тал дээр анхаарч өгөхийг сайдаас хүсч байлаа. ХЭДС-гаас санхүүгийн дэмжлэг аваад үйлдвэрлэл явуулж байгаа хүнд бүтээгдэхүүнээ зах зээлд таниулах сурталчилгааны зардал дутмаг байдгийг ч дуулгасан.Мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд хямд үнэтэй импортын бараанд оноох гаалийн болон бусад татварыг нэмж болохгүй юу гэсэн санал ч гарсан.Үйлдвэрлэгчид зах зээлээ тэлэхийн тулд гадагшаа хандах хүсэл байвч хөрөнгө мөнгөний бололцоо, хэл усны бэрхшээлээс болоод тэр бүр хүссэнээрээ байж чаддаггүй гэнэ. Тийм учраас гадаадад болж буй үзэсгэлэн яармагт оролцох хүсэлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг санхүүгийн хувьд дэмжих боломжтой эсэхийг сайдаас лавлаж байлаа. ХЭДС-гаас олгох зээлийн 80 хувийг батлан даах шинэ үйлчилгээ нэвтрүүлсэнд талархах хүн олон байв.Хувиараа хөдөлмөр эрхлэгчид зөвхөн дэмжээч, туслаач гэсэнгүй.Тэд тун ч ажил хэрэгч санал олныг хэлсэн.Тухайлбал, уран зургийн бизнес эрхэлдэг нэгэн ирэх жил Монголд болох АСЕАН-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ирэх зочдын буух буудал, хурал зөвлөгөөн болох газарт үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг түлхүү тавьж сурталчлах ажлыг зохион байгуулахыг санал болгов.
Үг хэлж, санал бодлоо хуваалцсан хүмүүсийн заримынх нь хэлж ярьснаас хүргэж байна.
Сүхбаатар дүүргийн иргэн Барсболд:
-Би 50 хүрээд л ажилгүйчүүдийн эгнээнд орсон хүн.Миний мэргэжил хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер.Гэвч ажил олдохгүй юм.Залуу хүн авна гэдэг.Тиймээс 60 хүрч тэтгэврээ тогтоолгох хүртлээ 10 жил гудамж метрлэх болох нь.Харин өнөөдрийн уулзалтаас өөрөө өөртөө ажлын байр бий болгох гэж байгаа бол тодорхой хэмжээний дэмжлэг авч болдгийг сонслоо.Өмнө нь зээл аваад юм хийх гээд үзсэн.Банкинд очихоор барьцаа хөрөнгөгүй гээд гацдаг.Гурван сая төгрөгийн барьуаанд хашаа байшингаа тэвь гэдэг.Иймэрхүү хэцүү зүйлийг л анхаарч өгөөрэй.
Хан-Уул дүүргийн иргэн Үзмээ:
-Зээл хөөцөлдөх амар биш.Ялангуяа 40-60 насныханд бүр ч хэцүү.Уг нь энэ насныхан ажиллаж хөдөлмөрлөөд, үр хүүхэд нь өсч томроод нэг үгээр хийж буй бизнесийнхээ үр дүнг үзэж өргөжүүлэх жинхэнэ боломжтой цаг дээрээ ирдэг юм.Гэтэл зээл олддоггүй.Тиймээс 40-60 насныхныг бизнесийн зээлд арай хөнгөлөлттэй байдлаар хамруулдаг байж болохгүй юу.
Баянзүрх дүүргийн иргэн Самбуу:
-Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулахад үнэхээр хүн байна.Энд тэнд түрээс төлөөд худалдах гэхээр олох жаахан ашиг маань түрээсийн төлбөрт явчих гээд байх юм.Гар дээрээс худалдаа хийж болохгүй гээд цагдаа нар зогсоохгүй.Ийм нөхцөлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжээд бидэнд зориулсан худалдааны төв гаргаад өгвөл маш том дэмжлэг болмоор байна.
Урлагийн бүтээлээс эхлээд борцтой шөл, гахайн махан сүндэтэй үзэсгэлэн
Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, төвийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулсан уг уулзалтын үеэр хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг сурталчлахын хамт Хөдөлмөр зуучлалын яармаг ажиллуулсан.Үзэсгэлэнд бэлэн дурсгалын зүйлсээс эхлээд үндэсний хувцас, гар урлалын бүтээлүүд, арьсан гутал, ноосон, ноолууран эдлэл гээд юм юм байв.Монгол хүний ур ухаанаар бүтсэн хөдөлмөр хөнгөвчилсөн малын тэжээл холигч, халаалтын зуух зэрэг шинэ бүтээлүүд олны анхаарлыг татаж байсан юм.Монгол зөгийн балыг нэг удаагийн хэрэглээнийхээр жижиглэж савласан, будаатай, гоймонтой борцтой шөл, төрөл бүрийн амтлагч, жимсний шүүс, цагаан идээ тэр ч бүү хэл солонгосчуудын амтархан иддэг сүндэг монгол махаар хийж буйг үзэсгэлэнд ирсэн хүмүүс сонирхож байлаа.Зарим нь бүр энийг манайхан хийж байгаа хэрэг үү хэмээн гайхаж ч байсан шүү.Үзэсгэлэнд оролцож байгаа “Эмка” компани гэхэд борцтой будаатай шөл, борцтой гоймонтой шөл, хийцтэй цай зэрэг савласан бэлэн бүтээгдэхүүн худалдаж байв Тус компанийн захирал Д.Наранчимэгтэй уулзлаа.
-Танайх хэр олон ажилчинтай вэ?
-Одоогоор есөн хүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа жижигхэн аж ахуйн нэгж ээ, манайх.
-Үйлдвэрлэл явуулаад удаж байна уу?
-Хоёр жил болох гэж байна даа.
-Үйлдвэрлэдэг гол бүтээгдэхүүн тань савласан бэлэн хоол юм уу?
-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа.ОХУ-д төгссөн хүнсний технологичтой.Түүнийхээ заавраар монголчуудад өргөн хэрэглэдэг хийцтэй будаатай төрөл бүрийн цай, савласан борцтой шөл, төрөл бүрийн амтлагчуудыг үйлдвэрлэж байгаа.
-Борлуулалт хэр байна?
-Ер нь бол хүмүүс мэддэг болж байгаа.Ялангуяа манай борцтой будаатай, гоймонтой шөлүүдийг гадагшаа явж байгаа хүмүүс оюутнууд их авдаг.Гэвч борлуулалт санасан хэмжээнд хүрч чадахгүй л байгаа.Том сүлжээ дэлгүүрүүдээр өгөх гэхээр хамаг ашгийг минь худалдаж өгснийхөө хариуд авчихдаг болохоор бид хандахаа больсон.Жижиг дэлгүүрүүд, захуудаар л борлуулж байна.
-Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ажлын байрнаас эхлээд бэрхшээл олон гардаг байх.Тэр бүгдийг яаж давж байна?
-Хүний ходоод руу орж байгаа хоол хүнсийг онцгой шаардлага хангасан орчинд үйлдвэрлэж, ариун цэврийн дээд зэргийн нөхцөлд ажиллах ёстой.Тэгээд ч хүнсний үйлдвэрийн ажлын байранд тавигдах шаардлага гэж бий.Тэр бүгдийг яг таг баримтлахад жижиг үйлдвэрүүдэд хэцүү л дээ.Гэхдээ нэгэнт бид энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа болохоор тэр бүгдийг биелүүлэх л хэрэгтэй.Тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлаа ч ойр ойрхон хийх хэрэгтэй ч тэр бүр чадахгүй л байна.Эргэлтийн хөрөнгө багадаад.Ядаж хүн нэмээд авъя гэхэд л чадахгүй л байна.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хандаж санхүүгийн ямар нэг дэмжлэг авч үзсэн үү?
-Судалж байгаа.Одоохондоо авч үзээгүй л байна.
-Санал болгож байгаа санхүүгийн дэмжлэг хэр хүрэлцээтэй санагдаж байна?
-Аж ахуйн нэгж ажлын байр нэмэгдүүлэх тохиолдолд 10 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч болох юм билээ.Яг юм хийж байгаа хүнд бага биш мөнгө шүү дээ.Гэхдээ энэ бол нэг л боломж нь.Өөр бас боломжууд байдаг юм билээ.Тоног төхөөрөмжийн зээл авах зэргээр.