Энэ асуудлыг гарын тос түрхэж сайтар чийгшүүлэхэд л хангалттай гэж олон хүмүүс андуурдаг. Гарын хагарсан арьсыг эмчлэх хэд хэдэн дүрэм байдаг, бие махбодийн аливаа асуудал дотроосоо байдгийг мартаж болохгүй.
Хоолны дэглэм
Хүний бие махбодид юуны түрүүнд зохих хэмжээний шингэн, амин дэм шаардлагатай. Амин дэмийн дутагдал эсвэл илүүдэл байгаа бол арьсны төрхөнд муугаар нөлөөлнө, үр дагавар – арьс хагарна. Хоол хүнсэндээ аль болох шинэхэн ногоо, жимс хэрэглэхийг хичээгээрэй (хэрвээ боломж байхгүй бол амин дэмийн бэлдмэл ууна), мөн өдөрт 2 литрээс багагүй ус ууна. Ингэснээр арьсны эд эс шингэний дутагдалд орохгүй. Эрүүл хоолны дэглэм байнга баримталж байхыг зөвлөж байна.
Ариун цэвэр
Гарын ариун цэвэрт маш олон зүйл хамаарна. Жирийн савангаас татгалз – крем-савангаар угаахыг эрхэмлэнэ. Энэ төрлийн саван нь гарын арьсыг зөөлрүүлж өгдөг байна.
Гарын тос
Гарын арьс хамгаалах, шим тэжээл өгөх гарын тосыг мартаж огт болохгүй. Байнга биедээ авч яваарай, хаана ч байсан хамаагүй түрхэнэ – ажил дээр, гэрт, хүүхэдтэйгээ гадаа тоглож байсан ч гэсэн. Гарын тосны орцод А болон Е амин дэм агуулагдаж байвал бүр ч сайн. Тосондоо харшлаад байвал байгалийн цэвэр гаралтай тос, зуун настын шүүс тус болно.
Бээлий
Өвлийн хүйтэнд гадаа гарах тоолондоо бээлий өмсөнө. Юмыг яаж мэдэх вэ өмсөөд гарсан бээлий норно гэж урьдчилан тооцоолоод боломжоороо бас нэг бээлий цүнхэлж яваарай.
Резинэн бээлий
Гэрээ цэвэрлэхдээ гараа хамгаалах зорилгоор резинэн бээлий байнга өмсөнө. Ингэснээр химийн бодисонд гарын арьс гэмтэхгүй.