11.30

Харүмафүжи Д.Бямбадорж: Аварга хүн гэж ямар байх ёстой вэ гэдгийг ухамсарлаж энэ шийдвэрийг гаргалаа

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлсан юм. Тэрбээр хэвлэлийн бага хурал хийж, гаргасан шийдвэрийнхээ талаар танилцуулсан. Энэ үеэр тэрбээр “Би өөрийнхөө багштайгаа зөвлөлдөөд зодог тайлах шийдвэр гаргалаа. Аварга хүн гэж ямар байх ёстой вэ гэдгийг ухамсарлаж энэ шийдвэрийг гаргасан. Би одоог хүртэл архи уучихаад агсам тавьж байсан удаа байхгүй. Миний өнөөдрийн зодог тайлах болсон шалтгаан архи уусан болохоор хийж байгаа үйлдэл биш юм шүү. Ах хүн дүү нартаа зааж зөвлөж, алдааг нь засах нь өөрийн үүрэг гэж бодож явдаг. Дүү бөхчүүдээ бэлтгэлээ маш сайн хийж, илүү өндөр амжилт гаргаасай гэж хүсдэг байсан минь ийм асуудалд хүргэлээ. Сүмотой холбогдсон 17 жил маань үнэхээр сайхан байлаа. Бүх зүрх сэтгэлээ сүмод зориулж хөгжөөн дэмжигчдээ баярлуулдаг тийм аварга байхыг хүссэн. Такайновад хэлэхэд ёс зүйтэй зөв амьдраарай. Цаашдаа улам хичээгээрэй. Сүмо бөхийн ухамсар, хүндлэл гэж юу байдгийг сайн ойлгож ухамсарлаж яваарай" гэжээ.