05.13

Чөлөөт бөхийн холбооны алдааг нарийн бичгийн дарга үүрч гарах уу

Катарын Доха хотноо чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, 74 кг-ын тамирчин Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо нар энэ сарын 04-ний даваа гарагт Катарын виз зөрчилтэй хэмээн саатуулагдсан. Манай улсын шилдэг тамирчид, жиндээ алтан медаль авчих хэмжээний эдгээр тамирчид яагаад саатуулагдсан нь олны анхаарлыг татаж, тэр нь хүрээгээ тэлж, нэлээд олон хүнийг бухимдуулаад авсан.

Энэ бүхнийг Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадоржтой холбон тайлбарлаж байгаа. Ямар учраас гурвын гурван тамирчин Дубайгаас буцав. Катарын визийн зөрчил гэдэг нь юу байв.

Гэхдээ Гадаад хэргийн яамнаас өгсөн мэдээллээр Монголын чөлөөт бөхийн холбоо Эмират улсад байгаа Элчин сайдын яам болоод Гадаад хэргийн яамтай нарийн нягт хамтарч ажиллаагүй гэсэн тайлбарыг өгсөн бол Монголоос Кувейтэд суугаа ЭСЯ-аас “Катарын Доха хотод болох Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай шигшээ багийн гурван тамирчин, болон нэг дасгалжуулагч АНЭУ-ын Дубайн олон улсын онгоцны буудал дээр саатуулагдсан талаархи мэдээллийг манай ЭСЯ-нд тавдугаар сарын 04-ний өдөр Асашёорү Д.Дагвадорж аварга анх утасдаж мэдэгдсэн.

Манай ЭСЯ энэ тухай мэдээлэл авмагцаа АНЭУ-ын ГХЯ-ны хариуцсан ажилтан, Эмиратын цагаачдын алба, Дубайн олон улсын онгоцны буудлын цагаачдын албаны хүмүүстэй холбогдож ямар учраас манай тамирчдыг саатуулсан талаар тодруулсан. Эдгээр тамирчид визийн болон бичиг баримтын зөрчилтэй, Катарт нэвтрэх боломжгүй учраас Дубайд саатуулагдсан ба Дубайн цагаачдын албанаас манай тамирчдын ирсэн Air China-гийн дараагийн нислэгээр буцаах болсныг мэдэгдсэн. Дараагийнх нь нислэгээр буюу тавдугаар сарын 06-ны 00:10 цагт Дубайгаас нисэхээр байсан бөгөөд манай тамирчид визийн болон бичиг баримтын зөрчилтэй учраас АНЭУ-аас нистэл нь саатуулсан байсныг Emirates airlines-д ажилладаг Намуун болон түүний хамт ажилладаг найзын туслалцаатайгаар хүлээлгийн танхимд оруулсан. Бид шөнөжин утсаар хоорондоо харилцаж юу болж байгаа талаар бие биендээ мэдээлэл өгч байсан.

Тодруулж хэлэхэд тавдугаар сарын 04-ний өдрөөс эхлэн бид олон газар руу утсаар ярьж аль болох тамирчдыг АНЭУ-аас Катар руу нисгэхээр хөөцөлдсөн боловч бичиг баримт визийн зөрчилтэй байсан учраас Катарын тал хүлээж авах боломжгүй гэсэн. Мөн Катарт тэмцээнд оролцохоор ирсэн тамирчид болон дасгалжуулагч нар нэг удаагийн орж гарах визтэй байсан учраас бид хоорондоо байнга утсаар холбогдож мэдээллээ солилцож байсан” гэсэн тайлбарыг өгсөн байгаа юм.

Энэхүү мэдэгдлийн дор МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж  “Кувейт улс дахь Монголын Элчин сайдын яамны хамт олонд гүнээ талархал илэрхийлье. Хэвлэл мэдээллийн сүлжээгээр ташаа мэдээ цацагдсанд харамсаж байна. та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе” гэжээ.

Харин өнөөдрийн нэгэн хэвлэлд МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Болд “Саяын тэмцээнд гурван хүн оролцож чадаагүй асуудал бол нарийн бичгийн дарга нарын аппаратын хайхрамж болгоомжгүйтэй холбоотой гэж бодож байна. Эрэгтэй багийн туслах дасгалжуулагч Б.Баяраагийн талаар өөр зүйл сонсогдсон. тухайн хүн өөрөө визтэй паспортоо авч яваагүйгээс хил рүү орж чадаагүй гэсэн. энэ тохиолдолд Б.Баяраатай хариуцлага тооцно. хариуцлага алдсан нарийн бичгийн дарга нь Оюунаа гэдэг бүсгүй байгаа” хэмээн ярьжээ.

Энэ мэтчилэн манай дарга нарын асуудлыг өөрөөсөө амархан зайлуулдаг арга илэрч байгаа бололтой. МЧБХ-ны нэг нарийн бичгийн дарга асуудлыг үүрч гарах нь тодорхой болж байх шиг. Хэрвээ бүтэн багаараа Азийн аваргад оролцоогүй гээд дэлхийн аваргад оролцуулахгүй болсон бол яах байсан бол. Бөхчүүдийн маань хийсэн бэлтгэл, тэднийг үдэн мордуулсан ар гэрийнхэн, чөлөөт бөхийн дэмжигчид гээд л олон хүний итгэл сэтгэл талаар өнгөрөх байлаа. Харин ч дасгалжуулагч нар маань амжилттай барилдсанаар асуудал бага зэрэг наашиллаа. Гэхдээ л Тавантолгой ярьж улстөржиж, нэг нарийн бичигтээ хамаг ачааг үүрүүлж байхаар МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж   ажлаа сайн хиймээр юм даа.