05.13

Ассан түймрүүд бүрэн унтарчээ

Улсын хэмжээнд нийтдээ 136 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. ОБЕГ-аас өгсөн мэдээллээр өчигдөр Сэлэнгэ аймагт гурван газарт, Увс аймагт түймэртэй өнжсөн байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг Сэнж чулуу гэдэг газар тавдугаар сарын 08-нд гарсан ой, хээрийн түймрийг өчигдөр бүрэн унтраажээ.

Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын 52 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хилийн цэргийн 18 алба хаагч, нутгийн 78 иргэн гэхчлэн өргөн бүрэлдэхүүнтэйээр ажиллажээ. Заставын орчим буюу хойд хэсгээр түймрийг цурманд оруулаад байтал өчигдөр бороо орж, түймэр бүрэн унтарсан байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант багийн Ходоод гэдэг газар гал түймэр гарчээ. Түймрийг унтраахаар 36 хүн ажиллаж байгаа аж. Сэлэнгийн Цагааннуурын Нүхтэд гарсан түймрийг онцгой байдлынхан болон нутгийн иргэд унтрааж, цурманд оруулсан байна. Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг "Улаан эрэг” гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар нийт 81 хүн ажиллаж, цурманд оруулжээ.