Хан-Уул дүүргийн 13-р хороонд хууль бусаар газар олгосноос Туул голын урсац тасрах аюул нүүрлээд байгаа талаар Усны газрын дарга асан З.Батбаяр мэдээлэл хийжээ.
Шувуун фабрик орчимд 70 га газрыг хууль бус хайгуулын зориулалтаар олгосон бөгөөд хайгуул хийх гэж буй байгууллага нь нутгийн иргэдэд “Зөвхөн 10 га газарт олборлолт хийнэ, үлдсэн 60 га талбайд соёл амралтын хүрээлэн барьж өгнө” гэсэн байна.
Гэвч яг одоогийн байдлаар ойролцоогоор 50-60 метрийн ухалт хийгдсэн, хамгаалалтын шонг ч хайхралгүй ухаад эхэлчихсэн талаар нутгийн иргэд ярьжээ.
З.Батбаяр “Эдийн засгийн хямралаар далимдуулж байгаль орчны системийг устгах гэсэн бодлогууд хаа сайгүй хүчээ авч эхэллээ. Энэ үед бид ч бас хамгаалалтаа улам нарийсгах болно. Хан-Уул дүүргийн 13-р хороонд газар олгосон явдал бол хууль бус. Нийслэлийн Засаг даргын хайрга олдворлохыг хориглосон шийдвэр хүчинтэй хэвээрээ байгаа шүү дээ” гэсэн юм.