Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрээр 1803 оны гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 25-ны өдөр хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг/ Шувуун шанд хэмээх газар ядуу ард Дулдуйтын ганц хүү болон мэндэлжээ.
Их хутагтын мэлмий гийсний түүхт ойг тэмдэглэх талаар Дорноговь аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж тодорхой шийдвэр гаргасан байна. Хурлаар ойн баяр наадмыг зохион байгуулах төв болон салбар зургаан комиссыг томилж үйл ажиллагааны бэлтгэл ажлын төлөвлөгөө, баярын арга хэмжээний хөтөлбөр, шаардагдах зардлын төсвийг боловсруулж ирэх хоёрдугаар сард багтаан батлуулж ажиллахыг комиссын дарга, гишүүдэд даалгажээ.
Догшин ноён хутагт Данзанравжаа нь 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая дан туурвиж, 50 орчим сүм хийдийг цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг хөгжүүлсэн шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн соён гэгээрүүлэгч байсан гэж судлаачид үздэг юм.