Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрээс, мөн Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэж урд хөрш рүү гаргадаг байсан “Тавантолгой” тэргүүтэй Монголын болон Хятадын арваад компани татан буугджээ. Ийнхүү үйл ажиллагаа нь зогссон компаниудын ажилчид цалин мөнгөө авч чадахгүйд хүрчээ. Гурван сарын цалин авч чадаагүй том тэрэгний жолоочид цалингаа авахаар хөөцөлдсөн ч эхэндээ цалинг нь өгнө гэж худлаа хэлсээр сүүлдээ мөнгө төгрөг байхгүй, дампуурсан гэх шалтгаанаар ажилчдаа “төрхөмд” нь буцаасан байна.
Ийнхүү олон сар зочид буудал, хоолны өрөнд орж урагшаа нүүрс тээвэрлэсэн жолооч нар хаана хандахаа мэдэхгүй сууна. Компанийн удирдлагуудын зүгээс “Цалин хөлсийг чинь өгнө” гэж мэдэгдэж байгаа ч нягтлан бодогч нар нь “Компанийн данс улайсан. Хаа сайгүй хямралтай байхад нүүрс урагш тээвэрлэж гаргаад ч нүүрсний үнэ унасан болохоор ашиг орлого байхгүй байна” гэж ажилчдынхаа амыг тагладаг гэнэ.