Загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг бэхжүүлж яваа Виктория Бекхэм сурталчилгаандаа хэт туранхай модель тоглуулж нийгэмд буруу үлгэр дууриал үзүүлсэн гэх шүүмжлэлд өртжээ. Тэрбээр саяхан олон нийтийн сүлжээгээр нүдний шилний брэндийнхээ 2018 оны хавар-зуны загварыг сурталчилсан зургуудыг түгээсэн аж. Уг сурталчилгаанд Литва улсын 29 настай модель Гидре Дукаускайте тогложээ. Модель бүсгүйн хэт туранхай байдал нь олон нийтийг Вики бүсгүйг шүүмжлэхэд хүргэсэн байна. Тухайлбал, Их Британийн телевизийн хөтлөгч Пирс Морган сурталчилгааны зургийг өөрийн твиттер хуудастаа байршуулан “Би энэ зургийг хараад өөрийгөө тарган мэтээр мэдэрч байна. Тэгэхээр залуу охидод энэ нь ямар нөлөө үзүүлэх нь тодорхой биз дээ. Виктория Бекхэм, та өөрөөсөө ичээч” гэж бичжээ.