Хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн сонирхол, идэвхи сүүлийн нэг жилд эрчимтэй нэмэгдэж, үнэт цаасны арилжааны үнийн дүнд эзлэх хувь өнгөрсөн оныхоос ихээхэн өслөө. Арилжааны нийт дүн 2016 онд 300 сая гаруй төгрөг байсан бол 2017 онд дөрөв дахин өсөж, 1.2 тэрбум төгрөгт хүрээд байна. Үүнд, 2016 онд 8.3 сая төгрөг байсан гадаадын иргэн болон аж ахуй нэгжийн арилжаанд оролцсон дүн 2017 онд 34.8 сая болж, нийт арилжааны 4.06 хувийг эзэлж байгаа бол дотоодын аж ахуй нэгжийн арилжааны дүн 2016 оны 312.4 сая төгрөгөөс 2017 онд 657.6 саяд хүрч хоёр дахин, иргэдийн арилжааны дүн 27.9 сая төгрөгөөс 167.7 сая төгрөг болж зургаа дахин өсжээ. Зөвхөн дотоодын иргэдийн арилжааны дүн нийт арилжааны 19.5%-ийг бүрдүүлсэн байна.
Үнэт цаасны арилжааны идэвхи нэмэгдэхэд өнгөрсөн онд улс орны эдийн засагт гарсан дараах эерэг өөрчлөлтүүд ихээхэн нөлөөлсөн байна. Тухайлбал, эдийн засгийн өсөлт тогтворжиж ДНБ 2017 оны эхний хагаст 5.3 хувиар, гуравдугаар улиралд 5.8 хувиар өссөн нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлж, зах зээлийн идэвхийг сэргээн, дотоодын оролцогчдын хүрээг тэлсэн бол энэ сарын 18-нд Олон улсын Moody’s агентлагаас Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг Cаа1-ээс B3 болгон дээшлүүлсэн нь гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолд түлхэц үзүүлсэн байна. Түүнчлэн хадгаламжийн хүүнээс татвар авах болсон нь иргэдийг ЗГҮЦ-ны арилжаанд оролцох бас нэгэн хөшүүрэг болсон байх талтай.
Мөн, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх талаар төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж, иргэдийг зах зээлийн тухай болон санхүүгийн мэдээллээр багагүй хангаж байгаа нь хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд түлхэц болж байна.