Монгол Улсын Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 31-ний хуралдаанаар Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг тодруулсан. 2017 оны тахиа жилд салбартаа манлайлсан Улсын аваргуудын шагналыг энэ өдрүүдэд гардуулж байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Өлзийт, Жинст, Богд, Баянлиг суманд ажиллах үеэрээ Улсын аварга малчин Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн ам багийн малчин Сангидоржийн Ганбат, Жинст сумын Цагаан-Ус багийн малчин Намдагийн Мөнхжаргал, Баянлиг сумын 1 дүгээр багийн малчин Бадамхоролын Энхбат, Богд сумын Алтай багийн малчин Цэдэндоржийн Лүндэнбат, улсын аварга саальчин Өлзийт сумын Ёлын ам багийн саальчин Адъяагийн Эрдэнэбилэг, Баянлиг сумын 5 дугаар багийн саальчин Түндэвийн Оргил нарын шагналыг гардууллаа.
Улсын аварга малчдад “Улсын аварга малчин” цол хүртээж, өргөө цагаан гэр, таван хошуу малын дүрс бүхий мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, аварга саальчинд "Улсын аварга саальчин" цол хүртээж, мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, мөнгөн цом, алтадсан домбо, энгэрийн тэмдэг, өргөмжлөл олголоо.