05.15

Хятадад хулсны баавгайн анчдыг баривчилжээ

Хятад улсад хулсны баавгай агнаж, мах болон арьсыг нь худалдсан хэрэгт сэжиглэгдэж буй 10 хүнийг баривчилсан тухай тус улсын хэвлэлүүд дамжууллаа. Цагдаагийнхан өнгөрөгч 12 дугаар сард нэгжлэг хийх үеэрээ хулсны баавгайн арьс болон 9.75 кг мах зэргийг илрүүлсэн талаар CCTV мэдээлсэн юм. Албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар Юннань мужийн Жаотон хотод ах, дүү хоёр уг хулсны баавгайг агнасан болохыг тогтоожээ. Дээрх хэргийг үйлдсэн сэжигтнүүдийг эсэргүүцсэн олон мянган иргэн Хятадын хэвлэл мэдээллийнхэнд хандсан байна. Мөхөх аюул тулгараад буй амьтдыг үндэсний баялаг болгон дээдлэх болсон Хятад улсад хулсны баавгай нь нэн ховордсон амьтанд тооцогддог билээ.

“Хятад орны хувьд хулсны баавгай бол ердийн нэг амьтнаас ч илүү үнэ цэнэтэй. Энэ бол бэлэг тэмдэг. Тиймээс цаашид энэ төрлийн хэрэгт маш хатуу арга хэмжээ авах шаардлага тулгарч байна” хэмээн нэгэн иргэн ярьсан байна. 2014 онд зэрлэг байгалд 1,864 хулсны баавгай тоологдсон бөгөөд тэдгээр нь бүгд Хятадад байдаг аж.