Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилттайгаар багийн дүнгээр аман хүзүүдлээ. Тэмцээнд 12 орны шилдэг бөхчүүд өрсөлдсөнөөс манай урд хөршийн бөхчүүд тивдээ тэргүүлэв. Тэд зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай нутаг буцсан юм. Тивийн аваргын гуравдугаар байрт багийн дүнгээр Япон улсын бөхчүүд удаалжээ. Киргизстаныг зорьсон манай улсын бөхчүүдээс гавьяат тамирчин П.Орхон төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр 62 кг-ын жинд аваргалснаар Монгол Улсаас Азийн аваргын алдрыг хүртсэн 21 дэх, эмэгтэй бөхчүүдээс долоо дахь тамирчин болов. Тэмцээний 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумъяа, 68 кг-д Ш.Түмэнцэцэг, 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар мөнгөн медаль зүүлээ. Мөн 50 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, 55 кг-д Э.Даваачимэг, 57 кг-д А.Батцэцэг, 59 кг-д Б.Шоовдор нар хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. Тивийн аваргад амжилттай оролцсон чөлөөтийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид өнгөрсөн амралтын өдөр эх орондоо ирлээ.
Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэйчүүдийн барилдаанаар үргэлжлэв. Манай улсын тамирчдаас 79 кг-ын жинд спортын мастер Г.Төрболд хүрэл медаль хүртэж, салхи хагаллаа. Тэрбээр шөвгийн наймд Тажикистаны Косим Усманийг 9:2-оор ялсан ч хагас шигшээд 2013 оны дэлхийн аварга Ираны Эзотоллах Акбарид цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд 2016 оны Азийн аварга Бахрейны Адам Батировтой хүч үзэх ёстой байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гараагүй юм.
Б.СИЙЛЭН
http://www.unen.mn/a/81839