03.16

Агаарын тээврийн либералчлал, нисэхийн салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ

 

Энэ сарын 19, 20-нд “Агаарын тээврийн либералчлал, Иргэний нисэхийн салбарын шинэчлэл” удирдах ажилтны зөвлөгөөн болох гэж байгаатай холбогдуулан либералчлал-хууль эрх зүйн шинэчлэл, нисэх буудлуудын хөгжлийн чиг хандлага, агаарын навигацийн үйлчилгээ, ерөнхий зориулалтын нисэхийн хөгжлийн талаарх хэлэлцүүлгүүд Иргэний нисэхийн ерөнхий газарт 2 өдөр болж өндөрлөлөө.


Нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн байгууллагууд, авиа компаниуд, мэргэжлийн холбоод, аялал жуулчлалын салбарынхан оролцсон хэлэлцүүлгийн үеэр салбарт тулгарч буй бэрхшээл, цаашдын хөгжлийн талаарх саналуудаа нэгтгэсэн юм. Тухайлбал, агаарын тээврийн либералчлал гэдгийг юу гэж ойлгох талаар нэгдсэн ойлголттой болох, агаарын харилцааны хэлэлцээрүүдэд цаашид баримтлах төрийн бодлогоо тодорхойлох, өнөөдөр либералчлал Монголд хэрэгтэй юу, үгүй юу гэдэгт олон санал гарган хэлэлцэгдэж байсан. Мөн Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлхэд ямар бэрхшээл тулгарч байгаа, аж үйлдвэр, инновацийн хөгжилтэй хэрхэн уялдуулах вэ, хууль эрх зүйн шинэчлэлийг даруй хийх хэрэгтэй байна гэсэн асуудлуудыг ч хэлэлцүүлэгт оролцогчид хэлж санал, шүүмжээ илэрхийллээ. 


Иргэд, зорчигчдын зүгээс хамгийн их гаргадаг тийзний үнэтэй холбоотой асуудалд авиа компаниуд өөр өөрсдийн санал, төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн шинэ нисэх буудлыг хэзээ ашиглалтад оруулах вэ, Хөшигийн хөндий рүү авиа компаниуд нүүхэд бэлэн үү, Монголд аялал жуулчлал хөгжихөд агаарын тээврийн салбарын үйлчилгээ нөлөөлж байгаа юу гэдгийг ирэх даваа, мягмар гаригт болох зөвлөгөөнд илтгэл тавьж хэлэлцүүлхээр тогтлоо.