05.16

Оюутнууд илтгэл хэлэлцүүлнэ

МУИС-ийн ОУХНУС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  НҮБ-ын загвар хуралдаан “Дүрвэгсдийн асуудал” сэдвийн хүрээнд өнөөдөр болно. 11 дэх жилдээ явагдаж байгаа энэ арга хэмжээнд ОУХНУС, “Их Засаг” их сургууль, “Тагнуулын Академи”-ийн 150 гаруй оюутан 22 улсыг төлөөлөн оролцох юм. 

НҮБ-ын загвар хуралдааныг анх 2004 онд тус сургуулийн багш  Ж.Баттогтох санаачлан явуулсан бөгөөд сүүлийн жилүүдэд уг арга хэмжээ улам өргөжин, бусад их дээд сургуулийн оюутнуудыг хамруулах болсон билээ. 

НҮБ-ын загвар хуралдааныг дэлхийн томоохон их дээд сургуулиуд тогтмол зохион байгуулдаг аж. Тэгвэл МУИС-ийн оюутнууд “Хурлын дипломат ажиллагаа”, “Олон улсын эрх зүй” хичээлээр олж авсан онолын мэдлэгээ практикаар баталгаажуулах, олон улсын хуралд оролцох дадлага туршлага эзэмших зорилгоор зохион явуулдаг байна.

Загвар хуралдаанд оролцсон багуудын танилцуулсан илтгэл, төлөөлж буй улсынхаа талаар хэр мэдлэгтэй, тухайн улсын байр суурийг хэрхэн хамгаалж байгаа зэргийг харгалзан шүүгчид шилдгийг шалгаруулдаг юм.