Дэлхийн циркийн урлагийн тэргүүн эгнээнд багтдаг Хятад, Орос, Герман, Вьетнам, Украин, Гватемал зэрэг 14 орны уран бүтээлчид манай улсад ирэх гэж байна. Энэхүү тоглолтыг ирэх сард зохион байгуулахаар болжээ. Тоглолтыг Монголын үндэсний цирк болон “Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллагаас санаачилсан аж. “Дэлхийн цирк Монголд” хэмээх уг тоглолтод олон улсын “А” зэрэглэлийн циркийн тэмцээн наадамд эхний байрыг эзэлдэг 60 гаруй уран бүтээлч оролцох юм. Тухайлбал, америкчууд уран нугаралт, оросууд сургуультай муур, нохойн үзүүлбэр, Испаниуд алиалагч, украинчууд агаарын гимнастик, гватемалчууд акробатын үзүүлбэрээр үзэгчдэд бэлэг барих ажээ. Харин манай улсын циркчид дээс, тэнцвэрийн үзүүлбэрээ толилуулахаар төлөвлөжээ.