05.18

Хуулийнхан хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг дахин шалгаж эхэлжээ

Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед ихэнх аж ахуйн нэгж цалингаа тавьж чадахгүйд хүрээд байгаа. Өнөө цагт бага ч гэсэн цалингаа хугацаанд нь авч, амьдралаа өөд нь татах гэсэн иргэд гадаадын хөрөнгө оруулалттай, эсвэл хөрөнгө санхүүгийн хувьд бие даасан томоохон байгууллагад ажилд орохыг эрмэлзэх болжээ. Тэгвэл цаана чинь эдийн засгийн хямралд ажирдаггүй, элдэв асуудлыг хөнгөхөн шиг давчихдаг, мөнгөөр бүхнийг шийддэг Хөгжлийн банк гэх тансаг байгууллага байна. Сүүлийн үед төрөөс дээгүүр эрх мэдэлтэй, төсвийн мөнгийг зоргоороо зарцуулдгаараа алдаршаад буй Хөгжлийн банк болоод түүний удирдлагуудыг тойрсон элдэв дуулиан байсхийгээд л хэвлэлийн хуудаснаа гарах боллоо. Тус банкны захирал Н.Мөнхбатыг АТГ- аас дахин шалгаж эхэлсэн бөгөөд энэ удаа түүнийг хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн, зөв мэдүүлсэн эсэхийг нягтлахаар болсон тухай эх сурвалж өгүүлэв. Хэрэв уншигчид санаж байгаа бол, өнгөрсөн онд түүнийг АТГ- аас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байсан. Тухайн үед АТГ- аас олон нийтэд хандаж Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 40 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих саналыг Засгийн газарт оруулж тогтоол батлуулсан.

Ингээд нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн байна. Энэхүү компани нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарынх. Тиймээс гишүүний татаасаар уг компанид зам барих төсөвт өртгийг нэмж өгсөн байж болзошгүй. “Эдгээр асуудал нь хуульд нийцэхгүй, сэжиг бүхий үйлдэл учраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон дээрх хоёр төсөлд хөрөнгө оруулалт хийх асуудлыг хариуцан ажилласан нэр бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэх тайлбарыг өгч байв. Гэвч эл хэргийг хэрхэн шийдсэн нь мэдэгдэхгүй, тэгсхийгээд л нам жим болсон юм. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа ашиглан, авлига, хээл хахуул өгч хэргээс мултарсан гэж хардах хүн ч бий. Харин тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард тансаг зэрэглэлийн хороолол болох “Жапан таун”-д 580 сая төгрөгийн үнэтэй таван өрөө байрыг бэлэн мөнгөөр худалдаж авснаар хууль хяналтынхны хараанд дахин өртөж эхэлсэн билээ. Энэ бүх асуудлаас үүдэж УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах үүрэг хүлээсэн ажлын хэсгийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан байдаг.

Ажлын хэсэг болон Аудитын шалгалтаар тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Н.Мөнхбат зургаан сая төгрөгийн цалинтай, хагас жилд 10 орчим сая төгрөгийн урамшуулал авдаг төдийгүй аливаа баяр ёслолын арга хэмжээнд их хэмжээний мөнгө зарцуулдаг болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Н.Мөнхбат төсвийн хөрөнгөөр хэрхэн тансаглаж байсан нь илэрсэн юм. Хамгийн энгийн жишээ л гэхэд, тэрбээр зөвхөн ОХУ-ын Санкт- Петербург хот руу томилолтоор явахдаа онгоцны зардалд 8.9 сая, зочид буудалд 3.9 сая төгрөг зарцуулжээ. Үүнийгээ ч тэр саяхан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнээс гадна түүнийг ямар том толгойтой нэгэн болохыг ажилчдынх нь орон тооноос харж болно. Учир нь, тус банкны орон тоог төрөөс 62 хүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан.

Гэвч одоогийн байдлаар энэ тоо хоёр дахин нэмэгдэж, 112 хүнтэйгээр ажиллаж байгаа юм. Ингээд зогсохгүй өнөөх ажилтнууд нь арилжааны банкуудаар дам- жуулан нэг тэрбум төгрөгийн зээл авсан нь тогтоогджээ. Өнөө цагт энгийн нэг ажилтанд зээл барагтай л олдохгүй байхад эл банкны 100 гаруй ажилтан тэрбум төгрөгийн зээл авсан гэж бодохоор ямар том “арын хаалга”-тай гэдэг нь харагдаж байгаа юм. Энэ мэт Хөгжлийн банк болон түүний удирдлагуудтай холбоотой хууль бус үйлдлийг тоочоод байвал дуусахгүй. Ямартай ч төрөөс дээгүүр мэдэлтэй, төсвийн мөнгийг дур мэдэн зарцуулдаг гэх Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг АТГ-аас дахин шалгаж эхэлсэн байна.

Б.ТӨРБАТ