04.09

Хүүхдийн болон инээдмийн мюзикл жүжгийг толилуулна

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ОХУ-ын Чита хотын драмын театрын уран бүтээлчид хүүхдийн болон инээдмийн мюзикл жүжгийг толилуулах гэж байна. Оросын зохиолч Н.С.Лесковын 1881 онд бичсэн “Левша” (Солгой) хэмээх туужаас сэдэвлэсэн “Русский секрет” (Оросын гайхамшиг) жүжгийг орчин үеийн мюзикл хэлбэрээр өнөөдөр, маргааш 19.00 цагаас хоёр удаа тоглох юм. Мөн бяцхан үзэгчиддээ зориулсан “Волшебная лампа Аладдина” (Аладины шидэт дэнлүү) үлгэрийн жүжгийг маргааш 11:00, 15:00 цагаас тоглохоор болжээ. Тоглолтыг орчуулаггүй үзэгчдэд хүрэх учраас орос хэлийг сонирхон судалж байгаа оюутан, залуучуудад хэлний мэдлэгээ тэлэх ховорхон боломж байгааг уран бүтээлчид дуулгалаа.

Чита хотын уран бүтээлчид өнөө өглөө Улаанбаатарт хийсэн эдгээр тоглолтуудыг хийхээр болсон талаараа мэдээлэл хийсэн юм.  Чита хотын театрын захирал, ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ю.И.Пояркин  “Манай театрын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Энэ том боломж бидэнд олдсонд туйлын их баяртай байна. Орос орон бол аугаа орон. Бид Оросын олон хотуудад аялан тоглолтыг хийж байсан. Энэ удаа Монголд саатаж, уран бүтээлээ толиуулах болсондоо туйлын их баяртай байна. Чита хотын театр 1939 онд байгуулагдаж, энэ жил 79 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн сонгодог, хүүхдийн, инээдмийн төрлийн 30 гаруй уран бүтээлүүдтэй. Бид энэ удаа хоёр уран бүтээлээ сонирхуулах гэж байна. Уран бүтээлчид маань Улаанбаатарт өнөө өглөө ирсэн ч бид орой тоглолтод бэлэн байгаа” гэсэн юм.
Мөн гавьяат жүжигчин Алексей Зайнчковский “Манай театрын хувьд онцгой үйл явдал болж байна. Бид алс хол гадаадад анх удаа уран бүтээлийн тоглолтоо толилуулах болсонд баяртай байна. Тоглолт орос хэлээр тоглогдох учраас үзэгчид яаж хүлээж авах бол гэж сэтгэл догдлолтой сууна. Өнөөдөр, маргааш орос дууг та бүхэнд дуулж өгөхөд бэлэн байна. Бүгдээрээ тоглолтон дээр уулзацгаая” гэлээ.